
Засгийн газрын өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдал, боловсролын салбарын бодлого, шинэчлэлийн асуудал тэр дундаа сайд нарын огцролт, ажлаа хүлээлгэн өгөх үйл явц хэрхэн өрнөж байгаа, энэ нь бодлогын хэрэгжилтэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар сонирхох нь олон нийтийн дунд нэмэгдэж буй энэ цаг үед Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн П.Наранбаяртай ярилцаж, ажлаа өгөх болсон шалтгаан, улс төрийн орчин дахь нөхцөл байдал, мөн боловсролын салбарт хийсэн ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
-Та ёс зүйн хувьд ажлаа бүрэн өгснийхөө дараа ярилцлага өгсөн нь дээр байх аа гэж хариулт өгөөд байсан. Ерөнхийдөө ажлаа өгөх процесс дээр улс төрийн нюанстай байсан уу, үгүй юу?
-Тэр нэг их улс төрийн нюанс биш зүгээр хууль зүйн талаасаа л юм байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан хэдий болтол сайд гэж үзэх юм, тэгээд үзэхгүй байх процессын асуудал. Тэгэхээр өчигдөр шөнө Монгол Улсын Ерөнхий сайд шинээр томилогдлоо, тэгэхээр шинэ Ерөнхий сайд УИХ-аас томилогдсон энэ мөч бол танхим тэр чигтээ Ерөнхий сайдтайгаа бусад сайд нар нь үүрэг гүйцэтгэгч болж хувирч байна гэсэн үг.
-Г.Занданшатарын Засгийн газар огцрохоос өмнө таныг хэн нэгэн дарамталж өргөдлөө өгөхийг шаардсан уу?
-Энэ хоёр, гурван талтай, шаардсан гэх нь ч хаашаа юм, аливаа юмыг олон талаас нь харах ёстой. Би бол өөрөө өргөдлөө өгсөн. Асуудал тэр үед хурц байсан уу, байсан. Тэглээ гээд асуудлаас зугтаж байгаа юм биш, хоёрдугаарт эрчим хүчний асуудлыг шийдье гэж анхнаасаа л ХҮН нам түлхүү ярьж ирсэн шүү дээ. тэгэхээр энэ зүгийн тооцоо, улс төрийн нүүдлүүд түүний зэрэгцээ салбар нь дандаа “буцалж” байдаг эрчим хүч, боловсрол, энэ салбарыг авч явж байсан хоёр сайд нь хоёулаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь үнэн.
Гэвч тэр өргөдлийг хүлээн авч ямар нэгэн алхам Ерөнхий сайдын зүгээс хийгээгүй байж байгаад Ерөнхий сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгч Засаг танхимаараа уналаа. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс өөрөө мэдэгдэл гаргаагүй. Энэ хоёр сайдыг явуулж байна гэсэн мэдэгдэл, захирамж гаргаагүй.
-Гэхдээ аргагүй нөхцөл байдалд оруулчихсан уу гэж хөндлөнгөөс анзаарагдаад байсан. Таны хэвлэлд хэлж байсан тухайн үеийн үг, тэгээд та сая хэллээ шүү дээ, ХҮН намын зүгээс эрчим хүчний салбарыг бодлогын хувьд дэмжиж ажиллахыг зорьж байсан гэсэн, тэгэхээр намын зүгээс эрчим хүчний сайдын сонирхол байсан уу?
-Сайдыг сонирхох гэхээс илүү тэр салбарыг сонирхож байна гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. аливаа юм чинь багаараа явдаг. Намын зүгээс бодлогын жинг тийшээ илүү тавих нь ээ гэдэг зүйл тавьж болно шүү дээ
-Энэ салбарт илүү үр дүн гаргана гээд үү?
-Тийм. Энэ салбарт илүү үр дүн гаргаж ажиллая, илүү бодлогын уялдаа нь байна гээд. Жишээлбэл ямар уялдаа байна вэ гэвэл ХҮН намын дарга Т.Доржханд сайд бол гадаадын олон компаниудтай хөрөнгө оруулалтын сангуудтай ярилцаж Монгол Улсад эрчим хүчний чиглэлээр тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг сайн татаж чадсан уу, чадсан. Үүнийг ажил хэрэг болгох гэхээр бодлогын хүрээнд болохгүй байна.
Энэ нь Монгол Улсын эрх ашигт илүү нийцэж байвал намын бодлого Монгол Улсын эрх ашгийг л дагана, ийм л юм болсон. Хоёр жилийн хугацаанд сайд хийлээ, тодорхой үр дүн гарсан уу, гарсан. Ямар үр дүн гарч болох вэ гэдгийг дараа ярьж болно. Зүгээр ийм нөхцөлд хямдарсан батарейг хямдарсан үнээр нь авч ирэх хэрэгтэй тэгээд тийм эрчим хүч рүү савлалтгүй нийлүүлэх энэ технологио авч ирэх, ийм үед жишээлбэл эрчим хүчний яам хуучин бодлого барьж байгаа хүмүүс нь сэргээгдэх эрчим хүч савлалттай байна, төвлөрсөн эрчим хүчийг савлуулаад байдаг гэж үзээд ад үзээд байгаа юм.
Гэтэл хөрөнгө оруулалт чинь сэргээгдэх эрчим хүч рүү орж ирээд байдаг. Тэгвэл ерөөсөө энэ салбарыг тэр чигт нь авчихъя, энэ салбарыг шинэчлэх ёстой юм байна. Монгол Улс бол өнөөдөр сэргээгдэх эрчим хүчээрээ хаанаас ч хөрөнгө оруулалтыг татах хамгийн боломжтой улс болчихоод байна.
Миний хувьд бол хоёр жилийн хугацаанд хангалттай ажиллалаа
-ХҮН намын зүгээс Б.Найдалаа гишүүнийг эрчим хүчний сайдын суудлыг горилж байгаа гэж харагдаад байсан. ХҮН намын дарга Т.Доржханд гишүүнтэй Б.Найдалаа гишүүн үеэлүүд, үеэлээрээ таныг сольж байна гэсэн үг үү?
-Шал дэмий яриа, үеэл үгүйг нь би мэдэхгүй ээ. Би яриад байгаа нь бодлогын шийдлийг л хэлж байна. Үеэл нь байна уу, байсан ч яадаг юм, байхгүй байсан ч яадаг юм. Тэр ерөөсөө асуудал биш, ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөд явдаг, чадаж байгаа нь ажлаа аваад явдаг. Ажлаа хийж чаддаг хүн ээ зөвөөр олж сонгодог л байх ёстой. Миний хувьд бол хоёр жилийн хугацаанд хангалттай ажиллалаа. Миний хувьд цалингаа нэмүүлж чадсан, үндсэн цалинг нэмүүлж чадсан уу, чадсан.
Цалингийн бүтцийн шинэчлэлийг хийж чадсан, энийг чинь хэн ч оролдож чадаагүй байхгүй юу, бүгд айдаг байсан. Хөрөнгө оруулалтаа нэмсэн, боловсролыг дэмжих жилийн хүрээнд боловсролын хөтөлбөрүүдийг шинэчлэлээ СӨБ, бага боловсрол бүгдийг шинэчлэлээ, сурагчийн жагсаалт нь гарлаа, хичээлийн төлөвлөлтүүд нь гарлаа, одоо сурах бичгээ бичих ажил нь эхэлнэ гэсэн үг, гэхдээ эхний хувилбарууд нь гарчхаад байгаа шүү дээ.
-Тэгэхээр та хоёр жилийн хугацаанд хангалттай сайн ажилсан гэж өөрийгөө дүгнэж байна.
-Сайн ч гэх нь хаашаа юм, хангалттай ажиллаа. Сайн, муу, дунд гэдгийг сонгогчид хэлнэ, цаг хугацаа харуулна. Би бол хангалттай ажиллаа, миний дутсан зүйл бол хүмүүст ойлгомжтой юм аа хүргэх тал дээр алдлаа. PR гэж хэлдэг шүү дээ энэ зүйлийг л алдсан. Манай яамны хэвлэл мэдээлэл нэлээн хожуу гардаг, хаана, хэн, юу хийгээд байна вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна гэдэг шүүмж гараад л байсан шүү дээ тиймээ, энэ бодитой үнэн.
-Таныг боловсролын сайдаар ажиллах хугацаанд хамгийн асуудал дагуулсан зүйл бол цалингийн нэмэгдэл байсан. Өнгөрсөн оны аравдугаар сард энэ салбарт анх удаа 700 гаруй багш 14 хоногийн хугацаанд ажил хаялт зарласан. Энэ оны нэгдүгээр сараас багш нарын цалинг 50 хувиар нэмнэ гэж УИХ-аас төсөв баталсан ч бодит байдал дээр бага нэмэгдлээ, нэмэгдэл цалин хасагдлаа гэж багш нар гомдоллоод байгаа. Та төсвөө буруу хуваарилав уу?
-618 тэрбум төгрөгийг цалингийн зардалд шууд нэмсэн, Тэр чинь цалингийн санд байдаггүй юм. Тэгэхээр энэ бол нэмэгдэл мөн байгаа биз дээ.
Зөвхөн багш нарыг нэмнэ гэдгийг би эсэргүүцсэн, сургуульд ажиллаж байгаа бусад ажилтнууд нь яах юм, цалингийн ялгаа хэт их болно шүү дээ, хоёрдугаарт энэ чинь боловсролын салбарт зөвхөн багшаас гадна ажиллаж байгаа хүмүүс зөндөө байгаа, энэ хүмүүс чинь ажлаа хаяад явчихвал яах юм, тэгэхээр энэ утгаараа бид УИХ-ын тогтоолыг зөвхөн багш гэж харж байхад нь болиулж байсан.
Ингээд энэ салбарт ажиллаж буй бүхий л хүнийг үндсэн суурь цалинг нь 50 хувь нэмнэ гэсэн, хорогдсон, буурсан гэх яриа гарах ямар ч үндэслэл байхгүй.

-Бүрэн 50 хувь нэмчихсэн юм уу?
-Нэмэлгүй яахав, суурь цалингууд нь бүгд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор зарим нэгэн нэмэгдлүүдийг хуучин үндсэн цалингаас нь тооцож байгаа. 1 сая 484 мянгаас тэгж царцаахгүй бол үндсэн цалин нэмэхээр нэмэгдлүүд нь нэмэгдсээр байгаад яадаг гэхээр бид үндсэн цалинг огт нэмэгдүүлж чадахгүй ийм юм руу ороод ирчихсэн байхгүй юу. 50/50 болчихсон өөрөөр хэлэх юм бол үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авдаг болчихсон.
Янз бүрийн нэмэгдэл байна, хүнээсээ хамаардаг нэмэгдлүүд ч байна. Ур чадвар тэр чинь захирал олгодог 25 хувь хүртэл, 10,15, 20, 25 гээд анхны жил багшилж байгаа хүнд шууд өгдөг байсан ингэж болохгүй шүү дээ. ийм нэмэгдлүүдийг бид үндсэн цалинд нь шингээсэн. Хоёр л нэмэгдэл байгаа хоол, унаа.
Унаа нь сардаа 22 мянган төгрөг сардаа шүү дээ. тэгэхэд бид нар 1 сая 484 мянга байсан цалинг 2 сая 226 мянга болгосон 750 орчим мянгаар нэмэгдсэн байгаа биз. Гэтэл 22 мянга нь унааны мөнгө байжээ, энэ нь шингэж байгаа юм.
-700 мянгаар нэмэгдсэн цалин нь ажлын байранд гараад эхний таван жил ажиллаж байгаа багш нарт олгогдож байгаа юм уу, бүх багш нарт жигдхэн нэмэгдэж байгаа юм уу?
-Бүх багш нарт нэмэгдэж байгаа. Сая ярьсан унааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл үндсэн цалин дээр одоо олгохгүй. Тэгэхгүй бол арван төрлийн нэмэгдэл нэмэгддэг байсан. Багшлахын тулд шууд амьдралд хүрэлцэхүйц цалинтай байж тэр ажилд очно биз дээ. тэгэхгүйгээр үндсэн цалин нь гэж жоохон юм тавьчихсан, тэрэнтэйгээ тэнцэх хэмжээний нэмэгдлүүдтэй, тэр нэмэгдлүүд нь танд таваас дээш жил ажилласан тохиолдолд очно гэж байвал та яах юм тийм ээ.
-Нэмэгдлүүд нь дандаа таваас дээш жил ажилласан бол олгогдох юм уу?
-Ер нь ихэнх нь тийм. Суманд ажиллавал 40 хувиар буюу орон нутгийн нэмэгдэл тэр нь төрийн бүх албан хаагчдад олгогддог, зөвхөн багш биш байхгүй юу. Олон жилийн нэмэгдэл гэж байгаа, төрийн албанд ажилласнаараа бүх төрийн албан хаагчид жилдээ нэг нэг удаа хувиар нэмэгдүүлж явдаг, энэ нь гэхдээ тав дах жилээс нь тооцогддог ийм нэмэгдлүүд байсан.
Эдгээр нэмэгдлүүдийг царцсан дүнгээр нь буюу 2025 оны суурь цалингийн түвшин дээр суурь цалин хэд болохоос үл хамаараад тодорхой тоон дүнгээр олгодог болъё л гэж байгаа. Тэгэхээр хүмүүс чинь үндсэн цалин ингээд нэмэгдсэн учраас нэмэгдлээс нь авсанд бухимдаад байгаа юм.
Багшийг илүү цагаар ажиллуулна гэдэг бол байж болохгүй зүйл,
багш бол өөрийн цагтаа заах юм аа заагаад л явах ёстой
-Нэмэгдэл өндөр авдаг байсан багш нар илүү гомдолтой байсан гэсэн үг юм байна үг юм уу?
-Тийм илүү гомдолтой байна гэсэн үг. Хоёрт бусад илүү цаг гэх мэтчилэн зүйл бол шинэ үндсэн цалингаас бодогдож байгаа шүү дээ. Тэр чинь хуульдаа тийм. Гэхдээ багшийг илүү цагаар ажиллуулна гэдэг бол байж болохгүй зүйл, багш бол өөрийн цагтаа заах юм аа заагаад л явах ёстой. Илүү цагаар их ажиллаад байна гэдэг чинь далд ажлын байрны хомсдол байгаад байна гэсэн үг, далд хүний хомсдол байна гэсэн үг, орон тоо нөхөөд ажиллаад байна гэсэн үг. Эдгээр нь шинэ үндсэн цалингаасаа бодогдож байгаа.
Нэгдүгээр сард хүмүүсийн хүлээлтэд хүрээгүй шалтгаан нь нэгдүгээрт арванхоёрдугаар сард авсан цалинтайгаа харьцуулж байгаа. Гэтэл арванхоёрдугаар сар чинь гүйцэтгэлийн үнэлгээ нь орж ирдэг, илүү цаг нь бодогддог, та анзаарсан бол өвлийн улирлын амралт маш урт байгаа тэр хооронд анги удирдсан нэмэгдэл байхгүй, илүү цаг нь байхгүй.
-Гуравдугаар сараас гомдол нь багассан уу?
-Багассан. Харин төсвийн хувиар дээр алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрнө.
-Их хурлаас 618 тэрбум төгрөг батлаад өгсөн түүн дээр хуваарилалтаа буруу хийсэн гэсэн үг үү?
-Наад мөнгөн дээр чинь нэмэгдээд эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан нэмэлт 900 орчим сая төгрөг бий. Энэ салбарт чинь их сургуулиудыг дагасан эрдэм шинжилгээний ажилтнууд бий шүү дээ. тэгэхээр тэр нэмэгдлүүд бас орсон. Тэгэхээр юу вэ гэхээр ингээд хүргээд, гуравдугаар сараас эхлээд бүх буруу хийсэн тооцооллуудаа засаад өгчихсөн байгаа. Цаашаа хүрээд явна, арваннэгэн сараас эхлээд Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээний дагуу үндсэн суурь цалингийн нэмэгдлийг 70 хувь руу оруулах ёстой, энэ эх үүсвэр нь одоогоор алга.
Ямар ч байсан суурь цалинг нь 50 хувиар нэмээд явж байгаа. Үндсэн буюу суурь цалинтайгаа тэнцсэн хэмжээний нэмэгдэл авдаг байсныг бид суурь цалин чинь 70 хувьд хүрэх ёстой үлдсэн 30 хувь дээрээ нэмэгдлээ бодож авдаг ийм цалингийн бүтэц рүү орохгүй бол бид ерөөсөө бага цалинтай ингэж харагддаг хэвээрээ л байна. Тэгээд өндөр цалин авдаг хэсэг нь 20-оос дээш жил ажилласан багш нар ч юм уу цөөхөн хувь нь тэгэхээр эхний таван жил ажиллаж байгаад ажлаасаа гарсан багшийн тоо 60 хувь байсан.
1 сая 460 мянга аваад амьдраад үз, нийслэлд ажиллаж байгаа багш нарын нэмэгдэл юу ч байхгүй. Цаашдаа жил харгалзахгүйгээр зүгээр л багшилсныхаа төлөө 1000 доллар гэдэг юм уу, 3.5 сая төгрөгийн баталгаатай цалинтай байж энэ салбарт хүн орж ирнэ.
-Тав хүртэлх жил ажилласан залуу багш нар 1 сая 400 мянгаас 2 сая 226 мянга болж байгаа гэсэн үг үү?
-Тийм, үндсэн цалин шууд өсөж байгаа, одоо бүгд л хэлж байна шүү дээ. цалин өссөн гээд. Энэ нэг хэсэг улс төрийн зорилгоор ашиглагдлаа янз бүр л болж байна. Одоо энэ нэмсэн юм нь дээр дахиад л үндсэн цалинг нэмээд байвал манай төсөв дийлэхгүй шүү дээ. Энэ төсөв чинь ургадаггүй шүү дээ, нэг удаа баталчихсан төсөвт хүрэх ёстой.
-Багш нар 14 хоног суулт зарлаж байж 50 хүртэлх хувиар нэмэгдэх боломжийг гаргаж ирлээ шүү дээ.
-Суулт биш бүр ажил хаялт шүү дээ.
-Нэлээн хохиролтой үе байсан. Та ялангуяа их хоцрогдол ярьдаг шүү дээ. Ковидын үед хичээл сургуулийг хааж болохгүй, ер нь сургуулийг хааж болохгүй хоцрогдлыг бид нар яаж нөхөх юм гээд, энэ 14 хоногийн хоцрогдлыг яаж нөхсөн бэ?
-Одоо агуулгаар нь л нөхөөд явж байгаа. Тэр үед бас бие даалтын долоо хоног нь орчихсон юм. Нэг зүйлийг залруулж хэлье, та сая анх удаа ажил хаялаа гэж байна. Энэ бараг жил болгон л ажил хаяж байсан. 90-ээд оны үед бол бүр урт хугацаатай ажил хаядаг байсан, ковидын үед хаяагүй хичээл угаасаа цахимаар орж байсан, тэрний өмнөх нэг, хоёр жил л хаяагүй. Тэгэхээс өөр аргагүй л дээ, цалин нь үнэхээр бага яаж амьдар гэж байгаа юм, багшлах дур сонирхолтой байдаг, боловсролын салбарт чадварлаг хүн очъё л гэвэл цалингийн бодлого нь зөв байх хэрэгтэй.
Технологи, нийгмийн шинэчлэлээ дагаад боловсролын хөтөлбөр шинэчлэгдэх учиртай
-Сайд болгон солигдохоор хөтөлбөр шинэчлээд шинэ юм эхлүүлээд л орхичихдог, түүнийх нь үр дүнг үзэх боломжгүй байж байгаад л солигдчихдог, таны хувьд хөтөлбөрт гар хүрсэн үү, ямар хөтөлбөр нэвтрүүлэхийг оролдов, яаж өөрчлөхийг зорив?
-Хөтөлбөрт гар хүрсэн гэдэг үгийг ашиглах нь ч хаашаа юм, шинэчлэх ёстой байсан. Яагаад шинэчлэх ёстой байдаг вэ гэхээр боловсролын ерөнхий хуулиараа нэг хүүхдийн сурах цикл дотор нь солих ёстой. 2014 онд цөм хөтөлбөр гарч ирсэн. 12 жил сурч байна. Нэг цикл мөн үү, тэгэхээр 2026 онд шинэчлэх цаг нь.
-Нэг бүтэн цикл яваад солих ёстой гэж үү?
-Ёстой бүр хуульчилчихсан 2014 оны цөм хөтөлбөр бол үндсэндээ нэг их өөрчлөгдөлгүйгээр сайжруулсан хөтөлбөр нэр авсан. Үндсэндээ өөрчлөгдөхгүйгээр 2026 онтой золгож байгаа юм. Гэтэл 2014 онд нийгмийн сүлжээ гэдэг ойлголт түгээмэл байсан юм уу, бүр хиймэл оюун гэдэг үг байгаагүй, төсөөлөлгүй байсан.
Өөрөөр хэлбэл маш хурдан шинэчлэгдэж байгаа технологийн шинэчлэл, нийгмийн шинэчлэл энэ бүх зүйлийг өнөөдөр боловсрол чинь цикл циклээр нь хүлээж авч дараагийн циклээ үеэ бэлдэж байдаг. Яг тэр цикл дээрээ ирсэн үе нь над дээр таарчихлаа. Би нэг их мундагдаа ч биш. СӨБ болон бага боловсролын хөтөлбөр нь үүнтэй уялдаад өөрчлөгдөж байгаа, одоо дунд болон ахлах нь…
-Одоо тэгэхээр ямар хөтөлбөрийг баримталж өөрчилж байгаа гэсэн үг вэ?
-Өөрсдөө бүтээнэ шүү дээ. Түүнээс биш монгол бол дэлхийн ямар нэгэн шилдэг юм судлаад өөрийн уламжлал дээр яриад эрдэмтэд, судлаачидтайгаа ярилцаж л байгаа, мэргэжлийн зөвлөл, үндэсний зөвлөл гэж байдаг үүгээр ярилцаж ингээд хийж байгаа юм. Хиймэл оюун гараад ирлээ тэгвэл өнөөдөр компьютерын ухаан гэдэг хичээл хэрэгтэй, эртхэн шиг заая. Аюулгүй байдлаа өөрөө хадгалдаг, мэддэг хүүхдүүдтэй болъё. Тэгээд боловсролын ерөнхий хууль өөрчлөгдөөд англи хэлийг үндсэн гадаад хэл байна гээд заачихсан, тэгвэл англи хэл сурах хугацааг нь наашлуулъя гээд энэ хичээлийн жилээс гуравдугаар ангиас нэмэлт хөтөлбөрөөр орж эхэлсэн шүү дээ.
Тэгвэл багш нараа яаж бэлдэх юм гэх мэтчилэн асуудлуудын шинэчлэл явсан гэсэн үг. Стресстэй ийм үед анхаарал төвлөрөл чинь байхгүй болчихсон байна тэгвэл анхаарал төвлөрүүлэх дасгалыг заадаг болъё гээд тэр хөтөлбөрт орчихсон байгаа. Түүнээс биш нэг сайд орж ирээд л шууд өөрчлөөд дайрдаг ч юм бас биш.
-Ер нь яг тэгж л харагдаад байдаг л даа. Кембриджийн хөтөлбөрийг зөвлөх үйлчилгээ аваад хөтөлбөр боловсруулж байсан гээд яригдаж байсан.
-Тэр бол Ё.Отгонбаяр сайдын үед шүү дээ.
-Нэгэнт хөтөлбөр ярьсан дээр боломжтой эцэг эхчүүд улсын сургуулийн чанар хөтөлбөрт итгэхгүй учраас хувийн сургуульд өгөөд байдаг, хувийн сургуулийнх нь давуу онцлог нь юу юм бэ гэхээр кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн гэдэг ч юм уу ийм зүйл яриад байдаг, тэр кембриджийн хөтөлбөрийг нь цөм хөтөлбөртэйгөө уялдуулаад нэвтрүүлчхэж болдоггүй юм уу?
-Мэдээж энэ кембриджийн хөтөлбөр ялангуяа байгалийн ухаан, математик, багшийн хөгжил тал дээр авах юм их бий, судлаачид оруулж ирж авч байгаа. Хамгийн гол нь хүнээсээ л хамаардаг юм, сайн багш нар байж л явна. Энийг би хийж чадаагүй л дээ. боловсролын яам гээд байгуулчихсан боловсролын ерөнхий газар гээд агентлаг байгуулчихсан тэр нь 2023 онд батлагдсан хуулиараа.
Тэр ерөнхий газар гэдэг нь өмнө нь аймгуудын боловсролын газар хийдэг байсан ажлыг өөр дээрээ төвлөрүүлчихсэн. Тэгээд нөгөө төсвийн хуваарилалт хийхэд алдаа гаргасан гэдэг нь үүнтэй л холбоотой. 2000 гаруй сургууль, цэцэрлэгийн төсвийн хуваарийг нэгтгэж байна. Урьд нь аймгийн боловсролын газраар дамжиж хийгддэг байсан, аймгийн боловсролын газар чинь мэднэ шүү дээ, нийслэлийн бодлогын газраараа дамжин гэж. Өөрөөр хэлбэл өмнө нь 100 гаруй хүнтэй яам хийж байсан юмыг 160 гаруй хүнтэй агентлаг байгуулчихсан.
-Та тэрийг байхгүй болгож болохгүй юм уу, Засгийн газрын агентлаг болгоод…
-Энэ нь өөрөө хуультай хоёрдугаарт энэ газар байх ёстой гэсэн үзэл бодолтой хүмүүс байна шүү дээ. Тийм учраас бид орон тоог нь 92 болтол цөөлсөн. Эрх мэдлийг нэг газар төвлөрүүлэхдээ бус орон нутаг руу нь өгөх хэрэгтэй. Орон нутгийн сургуульдаа өгөх хэрэгтэй. Тэгж байж энэ сургуулиуд өөр өөрийн онцлогоор хөгжих болно. Бүх юмыг төвөөс харж байдаг, тийм стандарт, заавар, чиглэл нь гараагүй гэдэг яриаг боловсролын салбар маш их хийдэг болсон байна лээ.
-Заавар зааварчилгаа ирэхийг хүлээгээд санаачилгагүй сууж байдаг гэсэн үг үү?
-Тийм. Тийм шийдвэр гараагүй учраас хийхгүй гээд байж байдаг. Би өмнө нь хэрэгжиж байсан бодлогуудыг бүгдийг нь хэрэгжүүлж явж байсан, хүнийг нь ч солиогүй, хоёрт зургаан шинэчлэл гэж яриад байгаа юм гэтэл тэр чинь өдөр тутам хийдэг ажлууд байгаа юм. Багшийн хөгжил хийх ёстой явж байсан, гүйцэтгэлд суурилсан цалингийн систем бүгд байж байгаа тэр нь харин хэтэрчхээд 50/50-руу орж байгаа юм.
Ингээд яваад байгаа зүйлүүдийг санаатайгаар няцаах, олон нийтэд чанга дуугаар хүргэлээ гээд тэр нь яасан юм, яамнаасаа очоод асуу дурын албан хаагч нь хэлнэ шүү дээ, хүүе ээ энэ чинь бүгд л явж байгаа шүү дээ, хаана юу нь зогсчихсон юм гээд л хэлнэ.
-Хоёр сайдын ажлыг өгөх, өргөдөл гаргах үеэр хуучин боловсролын сайд байсан Л.Энх-Амгалан сайд боловсролын салбар баларлаа гээд байсан. Баларлаа гэдэг нь юуг хэлээд байгаа юм бол?
-Харин юу хэлээд байгаа юм. Би сайн ойлгоогүй. Тэр хүн өөрөө тайлбарлана биз. Төрийн бодлого залгамжаар хадгалагдаж явсан шүү. Тэрийг бол би итгэлтэй хэлнэ.

сургуулийн соёл гэдэг тухайн сургуулийн “амин сүнс” нь байдаг
-Та өнгөрсөн оны төсөв дээр 1.2 тэрбум төгрөг тавьж өөрийн ажиллаж байсан Шинэ Монгол сургуулиас зөвлөх үйлчилгээ хувийн сургуулиудад өгсөн. Ямар үр дүн гарав?
-Энэ бол төсөв нь хуваарилагдаж очсон 800 сая 80 сургууль дээр хэрэгжсэн нэг сургууль дээр 10 сая төгрөг хуваарилагдаж нэг жилийн хугацаатай хэрэгжсэн. Монголын сургуулиудын шилдэг менежментийн судалгаа хийгээд Шинэ Монгол сургуулийн соёл дээр суурилсан сургалт явсан нь үнэн. Сургуулийн соёл гэдэг асар чухал байдаг, сургуулийн соёл гэдэг тухайн сургуулийн “амин сүнс” нь байдаг, хүүхэд төвтэй, багш төвтэй сургалтынхаа чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа дээрэлхэлтийн эсрэг ийм нэг сургуулийн менежментийн цоо шинэ хэсэг.
Бид чинь тэртээ тэргүй гадаадаас зөвлөх үйлчилгээ аваад баахан л мөнгө үрдэг, тийм биш энэ баг нь хэрэгжүүлэх юм байна гэсэн юм яригдаж байсан. Гэхдээ миний зүгээс боловсролын ерөнхий газар буюу нөгөө агентлаг чинь хэрэгжүүлэгч тэр газарт мөнгийг нь шилжүүлсэн, тэндээс зохион байгуулалт нь хийгдсэн байгаа. Бүтэн жилийн хугацаанд сургуулийн менежментийг сайжруулах төсөл нь хэрэгжсэн, мөнгө нь яаж явсаныг би мэдэхгүй, тайлан бүх юмыг нь хүлээгээд авчихсан тэндээс эерэг үр дүн гарсан байна гэж харсан.
Ялангуяа орон нутагт хэрэгжсэн тэр сургуулиудаас нь асуугаад үзээрэй. Наад зах нь л багш нар нь багаар ажилладаг багш нарын өрөөтэй, хичээлээ бэлддэг өөрийн гэсэн орон зайтай тэрэндээ гаргадаг цагтай болсон байгаа. Хүүхдүүд нь их сайхан мэндэлдэг, мэндлээд эхлэхээр их олон зүйл өөрчлөгддөг л дөө. Сургуулийн менежмент нь өөрөө судалгаатай, энийг бас л улс төрийн зорилгоор нэлээн шүүмж явсан гэхдээ миний хувьд ядаж 80 сургуулийг өөр түвшинд аваачсан гэдэгтээ итгэлтэй байдаг.
-80 сургууль дээр нэг жилийн хугацаатай ажиллаад л зогсчихсон уу?
-Сургуулиуд нь өөрсдөө хүсэлт тавиад үргэлжлээд явж байгаа юм шиг байна лээ. Дахиад энэ менежментийн сургалтыг авч сургуулиа сайжруулъя гээд, эцэг эхчүүд нь ч дэмжиж байгаа гэсэн тэгэхээр зөв соёл бүрдээд л яваад байвал зөв соёлтой сургуулиуд нэмэгдээд байна л гэсэн үг, үүнд хэн хожих юм, хүүхэд, эцэг эхчүүд, багш нар хожно. Ажлын байрын сэтгэл ханамж гэдэг цалин биш байдаг, тухайн байгууллагын соёл байдаг.
Өөрөөр хэлбэл цалин өндөр атлаа захирал нь байнга дарамтлаад байдаг бол тэнд хүн тогтдоггүй, тэгэхээр номер нэгт нь байгууллагын соёл байдаг, зүгээр нэг захын менежменттэй сурагчийг харахад тэр харагдана. Тэгэхээр зөв соёл бүрдэж байгаа гэж харж байгаа. Ер цаашдаа сургууль болгон өөрсдийн соёлыг бүрдүүлэх тал дээр л ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр та хэрвээ сонирхож байвал УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас асуух хэрэгтэй түүнээс гадна төсөл хэрэгжсэн сургуулиудаас асуух хэрэгтэй.
-Манайд нэг ийм жишиг байгаад байна л даа. Өмнөх сайд нь дараагийн сайдаа үгүйсгэж л байдаг “ингэж ажиллахгүй байх байсан юм” гэдэг ч юм уу, Л.Энх-Амгалан гишүүн сайдаар ажиллах дуртай буйгаа илэрхийлж байгаа. Энэ хүн сайд болох гээд байгаа өөр зорилго нь юу байх вэ?
-Надад өмнөх сайдаа муулж байсан тохиолдол байхгүй. надад хэрэгтэй үг хэлж байсан уу, байсан. Авах юм зөндөө бий. Боловсролын салбар “баларлаа” гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй ээ. Өөрийнхөө бодолд баригдаад “за одоо би л очиж аврахгүй бол болохгүй нь” гэж боддог болсон юм шиг байна лээ, харъя даа би бол хэлж мэдэхгүй л байна. Ер нь бол зүгээр боловсролын ерөнхий газар гээд байгуулж хамгийн их хүн хүч мөнгө зарцуулсан, зарцуулах боломжийг олгосон хүн бол яах аргагүй Л.Энх-Амгалан сайд.
-Боловсролын ерөнхий газрын үүрэг юу юм бэ?
-Төсөл хэрэгжүүлэгч гэж байгаа юм, тэгэхээр одоогоор харахад чиг үүргийн давхцал маш ихтэй, нийслэлийн боловсролын газартай маш их чиг үүрэг давхацдаг, яамтайгаа ч давхацдаг.
-Тэгээд 180 хүний бүтэц орон тоотой.
-160 байсан одоо 92 болгочихсон юм. Зүгээр миний харж буйгаар ингэж байгуулах хэрэг байсан уу, үгүй юу одоо шинэ Ерөнхий сайд Н.Учрал өөрөө бүтцүүдийг харна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ боловсролын салбарт агентлаг хэрэггүй байсан л гэж миний зүгээс харж байгаа.
-Танайд тавигдаж байгаа төсвөөс хуваагаад байна гэсэн үг үү?
-Ер нь бол ихэнхийг нь авч байгаа шүү дээ. сайдын хөдөлмөр арга хэмжээ гэж байдаг бусдыг нь бол бүгдийн авч байгаа.
-Тэгээд төсвийг дэмий хуваарилаад байна гэсэн үг үү?
-Завсрын байгууллага гарч ирээд хуучин бол аймгуудтайгаа шууд харьцаад явчихдаг, нийслэлтэйгээ шууд харьцаад явчихдаг байсан нэг ийм юм байгуулчхаад нөгөөх нь буруу зөрүү юм хийх жишээтэй, нэмээд өөр шат дамжилга нэмэгдэхээр шууд харьцаж байсан хүмүүс чинь яамтай нэг харьцана, боловсролын ерөнхий газартайгаа нэг харьцана гэхээр давхцал үүсээд байгаа юм.
-Таныг анх сайдаар томилогдож байхад онцолж хийж байсан ажлын нэг бол багш болж байгаа хүмүүс цөөн байна тэгэхээр ямар ч мэргэжлийн хүн 45 хоногийн курсээр суугаад багш болох эрх нь нээлттэй шүү гэж байсан нь сонирхол татаж байсан, их шүүмжлэл дагуулж байсан ч гэсэн тухайн мэргэжлээрээ чадварлаг байгаа хүмүүсийг багш болгоё гэсэн хандлага ч явж байсан. Энэ сургалтын хүрээнд хэчнээн хүн багш болсон бэ, одоо хэрэгжиж байгаа юу?
-Хэрэгжиж байгаа. Энэ 80-аас дээш хувьтай сурсан хүмүүст хамаарна. Ялангуяа физик, математик, ангил хэл гэсэн хичээлүүдээр,
-Орон тоо нөхөж чадаж байгаа юу?
-Нэлээн нөхсөн. 80-аас дээш хувьтай төгссөн гэдэг чинь мэргэжилдээ эзэн болчихсон хүн гэсэн үг, тэднийг бол багшлах курст оруулж явсан. Эхний жилдээ 120 гаран хүн бэлтгэгдэж гарсан үүний ихэнх нь хөдөө орон нутагт багшлаад явж байгаа. Энэ шийдвэрийг шүүхэд өгөөд Монгол Улсын багшийн их сургуулийн багш хүн шүү дээ. Тэгээд шүүхэд өгөөд дунд шатны шүүх дээрээ ялагдсан тэр эмэгтэй. Өнгөрсөн жилийн хавраас дахиад хэрэгжээд явж байгаа.
-Шүүхэд өгсөн шаардлага нь юу байсан бэ?
-Хууль зөрчсөн л гэж байгаа юм. Би бүгдийн л харна шүү дээ, хуульд нийцүүлж л шийвэр гаргаж байгаа юм чинь. Үүний үр дүнд хүмүүсийн багш болох дур сонирхол нэмэгдэж байна шүү дээ. Та ч мөн адил англи хэл сайтай эсвэл монгол хэл дээр би 80-аас дээш үнэлгээтэй гэвэл тухайн курст суралцаад багшлах эрх авчихна. Цаашид үнэхээр багш болох хүсэл эрмэлзэл байвал Багшийн их сургуульд байдаг үндсэн багш бэлтгэх 1,2 жилийн курс байгаа тэрэнд орж үндсэн багш болох бэлтгэлээ хангах хэрэгтэй.
-Танай нам эрчим хүчний салбарт илүү үр дүн гаргана гээд таныг Б.Найдалаа гишүүнээр сольж байгаа юм шиг байна, гэхдээ шийдвэр нь гараагүй л байна л даа. Өнгөрсөн жилийн өдийд билүү би цаг хугацааг нь мартсан байна, Б.Найдалаа гишүүн таныг зодсон асуудал гаргасан энэ яг юу болсон юм?
-Би ч нэг их хүнд зодуулаад байхаар хүн биш л дээ. /инээв/
-Оёдол тавиулсан билүү, нүүр нь хөхөрсөн билүү?
-Бид хоёр бол зодолдоогүй, маргалдсан санамсаргүй юм болсон. Тэрийг дэвэргээд байх хэрэг байхгүй. Та нар БНСУ-ын парламентыг харалдаа, ер нь зүгээр дэвэргээд байх юм байхгүй, санамсаргүй л юм болсон.
-Шахалт дарамт ирээд байдаг юм биш биз дээ гэж хардаж байна.
-Шахалт дарамтгүй байдаг хүн гэж байна уу, жишээлбэл сурагч бол гэрийн даалгавар хийх ёстой заавал хийх ёстой. Миний хувьд бол төсвөө зөв сайн батлуулах ёстой, энэ салбарын хийх гэсэн шинэчлэлээ хийх, ХҮН нам чинь хөдөө орон нутагт өсөх боломжтой болоод байна, тэнд суурьшил бий болох нь, хөдөө орон нутагт амьдрал дээшилж байна.
Ингээд ирэхээр суурьшил бий болж бэлчээрийн мал аж ахуй байгаа ч гэсэн бүх юм нь өөрийн зохион байгуулалттай болчихсон. Ингээд ирэхээр хүүхдээ заавал сумын сургууль руу аваачиж дотуур байранд байлгах биш тав 10 километрт бол хүргээд л өгчихнө шүү дээ. тийм багийн сургуулиудыг аж ахуйн нэгжүүдтэй нэгдэж байгуулж эхэллээ.
Энэ чинь хүмүүсээс өгсөн бидний мөрийн хөтөлбөрт байгаа даалгаврууд, үүргүүд, энийг л хийхийн төлөө зүтгэсэн. Шахалт, янз бүрийн дарамт байсан. Тэглээ гээд би тэдний яах юм, би ажлаа л хийж байна шүү дээ. би тэрэнд гомдоллож намайг дарамталсан гэж хэзээ ч хэлэхгүй. Улс төрч хүн намайг дарамталсан гээд ярьж байвал инээдтэй асуудал.


-Угаасаа л шахалт дарамт байж л байгаа гэж үү?
-Угаасаа л шахалт дарамт, угаасаа л үүрэг. Тэглээ гээд намайг шахаж, дарамталлаа гээд байхгүй шүү дээ. Ийм хөгийн юм ярьж байвал улс төрөөс гарсан нь дээр.
-Сонгуулийн өмнө, одоо ч гэсэн боловсролын зээлийн сангаар маш сайн дугардаг танай намын гишүүн О.Сийлэгмааг Боловсролын зээлийн сангийн дарга болгосон, гэвч буцаад ажлаас нь халсан байсан. Дотоодоос нь шахалт ирсэн гэж яригдаад байдаг. Энэ хүнийг яагаад ажлаас нь чөлөөлсөн юм?
-БЗС-д О.Сийлэгмаагийн хийсэн зүйлүүд бий, жишээлбэл гадаадад сурч ирчихээд мэдээллээ Монголбанканд зээлтэй иргэдийн мэдээлэлд оруулдаггүй байсныг оруулдаг болгож эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн. Нөгөө талдаа алдаа нь юу вэ гэхээр гадаадад байгаа хэдэн оюутнуудыг цагт нь мөнгийг нь шилжүүлээгүй мөн сонгон шалгаруулалт хийхдээ маш хатуу ямар байр сууриар хүнийг хасаад байгаа нь ойлгомжгүй зэрэг асуудлаас болоод хүний эрхий комиссоос хүртэл надад хэд хэдэн бичиг, шахалт шаардлага ирсэн.
Боловсролын яам энийг сайжруулах үүрэг өгсөн боловч өөрөө энэ тал дээр арга хэмжээ авч чадаагүй тэгэхээр хариуцлага тооцохоос өөр арга байхгүй, ийм л юм болсон. О.Сийлэгмаа бидний хувьд ямар нэгэн хувийн асуудал байхгүй.
-Тэгээд та хатуурхаад байна гээд О.Сийлэгмаа докторыг ажлаас нь халаад өөрийнхөө туслахыг БЗС-гийн даргаар тавьсан юм уу?
-М.Төртогтох гэж залуу бий, миний туслахаар ажиллаж байсан нь үнэн. Энэ залуу БЗС-гийн даргаар очихоосоо өмнө эрүүл мэндийн шалтгаанаар туслахын ажлаа өгчихсөн байсан. Тэгэхдээ тэр залуу БЗС-гийн тавьж байгаа бүх шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт магистр хамгаалсан, өөрөө багш хүн. Боловсролын салбарт нэлээн ажилласан, Дархан-Уул аймагт багшаар ажиллаж байсан, боловсролын газарт нь мэргэжилтнээр ажиллаж байсан ийм хүн.
БЗС-д англи хэлгүй хүн ихтэй, цахим шуудан ирэхэд хариу бичихгүй, тэр чинь хэдэн зуун монгол оюутны арын дааж байгаа хүмүүс шүү дээ, тэгэхээр ажил явахгүй байсан л гэж ойлгож болно, би дахиад хэлье О.Сийлэгмаа гэдэг хүнтэй ямар нэгэн хувийн тооцоо бодсон юм юу ч байхгүй шүү.
Боловсролын зээлийн санд 2025 онд 18 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн
-Таныг сайд байх хугацаанд БЗС гэдэг чинь монголчуудын хувьд сенсац болсон сэдэв шүү дээ, хэдэн хувийн эргэн төлөлттэй байсан бэ?
-Ер нь бол 80 тэрбумын авлагатай гэдэг юм. Өнгөрсөн жил гэхэд 17,18 тэрбум нь эргэн төлөгдсөн, хамгийн их төлөгдсөн жил нь “шүгэл үлээсэн” жил нь 20 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байдаг. Тэгэхдээ үүн дээр ойлголтын зөрүү гэдэг юм их байдаг. Тэтгэлэг байсан юм уу, зээл байсан юм уу гэх мэтээр гэрээнээсээ болоод янз бүр тэгвэл монголд ирээд таван жил ажиллаад өөрийнхөө нийгмийн даатгалын бүрэн төлөөд гүйцэтгэчихсэн бол чөлөөлөгдөх ёстой. Гэтэл тэр чөлөөлснийг нь үндэслэлгүй байна, энэ бол хүчингүй тушаал гэсэн юм гаргаад ирж байгаа юм.
Яагаад гаргаж байна гэхээр 2010-аад онд дээд боловсролын санхүүгийн тухай хууль гэдэг хууль гараад 2023 онд хүчингүй болсон. Тэр хууль дээр юу гэж заасан бэ гэхээр чөлөөлөхийг УИХ-ын тогтоолоор шийднэ гэдэг, нэг оюутны асуудлыг УИХ ярих нь л дээ. тэр заалттай холбоотойгоор УИХ тийм тогтоол хэзээ ч гаргаагүй.
Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь гэрээнийхээ нөхцөлийг биелүүлчихээд байдаг, ийм шахаасанд хүрээд миний өмнөх олон сайд нар чөлөөлсөн байдаг юм байна лээ. Миний үед бол нэг ч хүнийг чөлөөлөөгүй, хэн ч тийм тушаал гаргаагүй
-Нэр дурдаад асуучихдаг юм билүү, жишээ нь манай редакцыг гомдол гаргаж шүүхэд өгч байсан болохоор Б.Хурц гээд Ардчилсан намын, тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүний охин боловсролын зээлийн сангаар сурсан, зээлээ төлсөн болов уу?
-Тэрийг та боловсролын зээлийн сангаас асуугаарай. Миний хувьд бол хэний хүүхэд байх нь ерөөсөө хамаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ л биелүүлэх ёстой. Одоо бүр хууль гаргаад төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хамаатан садан, хүүхдийг нь сургахгүй гээд ашиг сонирхлын тухай хууль дээр байгаа. Тийм учраас цаашдаа ийм асуудал үүсэхгүй.
Өмнөх гаргасан сайд нарын тушаалыг хүчингүй болгоод эргээд мөнгийг нь нэхье гэхээр иргэний хуультай зөрчилдөж эхэлж байгаа юм, захиргааны ерөнхий хуультай зөрчилдөж эхэлж байгаа юм. Хөөнө хэлэлцэх хугацааны асуудал, тэртэй тэргүй түүнийг хийлээ гээд шүүх дээр хөөн хэлэлцэх хугацааг дууссан үед хийхэд хэцүү, мөн захиргааны хууль дээр захиргааны эерэг акт гэдэг ойлголт байдаг, үүнтэй холбоотой хуулийн маргаан үүсдэг юм билээ.
-Тэгэхээр улс төрийн хамааралтай, албан тушаалтнуудын хүүхэд БЗС-гийн зээлээ төлөөгүй бол ёс зүйгээрээ л төлөх нь үлдэж байгаа юм байна тийм үү?
-Үгүй, хуулийн дагуу бол гэрээг нь дүгнээд шаардах нь шаардаад явж байгаа. Төлөөд яваад байгаа шүү дээ.
Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг Австрали улсаас туршлага судалж, боловсруулсан
-Хэдхэн хоногийн өмнө сургуулийн дээрэлхэлтийн асуудал гарлаа. Нэлээн эмзэг бичлэг цацаж олон ээж, аавуудыг айлгасан. Энэ асуудал дээр ямар хариуцлага авсан бэ?
-Үүнийг цагдаагийн газар шалгаж, ЦЕГ мэдээлэх ёстой. Бид бол баг бүрдүүлж тухайн сургууль дээр судалгаа явуулсан. Үүнийг бол сургуулийн зүгээс тогтолцоо дээрээ идэвхтэй арга хэмжээ аваагүй байна гэж үзсэн. Яг ингээд явж байтал би сайдынхаа ажлыг өгөх болчихоод байна шүү дээ. Тийм учраас түүнээс цааш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Зүгээр үүн дээр бид нийгмээрээ урьд өмнө байгаагүй юм шиг, нийгмээрээ шуурч явж байгаа үзэгдэл их сонин.
Бид ерөөсөө байнгын л бэлтгэлтэй байх ёстой, байнгын урьдчилан сэргийлэх хэрэгтэй, аюулгүйн сүлжээ нь ажиллаж байх ёстой. Эцэг эх, хүүхэд, сургууль оролцсон сүлжээ ажиллаж байх ёстой. Аюулгүйн сүлжээ бодлогыг зарласан шүү дээ. мөн нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг Австралиас судалж байгаад оруулж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Индонез улс хязгаарлалаа, Франц Улс хязгаарлачихсан бүх улс орон энэ зүг рүү явж байна.
Ямар ч дүрэмгүй хүүхдэд нийгмийн сүлжээнд оролцох боломжийг олгож байгаа нь маш олон асуудлыг дагуулж байна. Австралид тэр хууль батлагдсанаас хойш дөрвөн сая хаяг устсан байна, манайд тэгвэл яах бол. Хоёрт энэ хүүхдийн насанд нь тохирсон нийгмийн сүлжээнд оролцуулахгүй бол нэг кинон дээр нийгмийн сүлжээнээс болж нэгнийхээ амийг бүрэлгэж байгаа ч асуудал гардаг. Тэгэхээр ийм эмзэг үед хүүхдийг нийгмийн сүлжээнд оруулж болохгүй. Хүүхдээ хамгаалах үүрэгтэй.
-Одоо сургуулийн орчинд ийм асуудал гарахгүй байх асуудлыг хэнд найдах вэ, захиралд нь юм уу, багшид нь найдах юм уу?
-Хэн нэгэнд найдна гэдэг чинь л буруу, аюулгүй сүлжээг нь л үүсгэх хэрэгтэй. Сургуулийн нийгмийн ажилтан, менежер, захирал, эцэг эхийн зөвлөл, хорооны ажилтан, хүүхдийг өөрийг нь оролцуулсан ийм сүлжээг хэлж байгаа.
-Сүүлийн жишээ бол сургуулийн багшийн хүүхэд байсан, удаа дараагийн гомдол тавиад шийдэгддгүйг хэлсэн байсан.
-Миний хувьд бол багш нарт нь хариуцлага тооц гэсэн чиглэл өгсөн. Хамгийн гол нь цахим дээрэлхэлт, гадуурхалт гэдэг чинь бодитой учирч буй хохирлоос илүү хортой байдаг, илүү хөнөөлтэй байдаг учраас үүнийг даруй шийдэх хэрэгтэй, ийм хуулийн төслийг өргөн барина. Энэ чинь цаанаа их нарийн асуудалтай хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж байдаг.
-Хүүхэд дээрэлхлээ гээд нөгөө хүүхдийг нийгмээрээ дээрэлхэж болохгүй байгаад байна тийм ээ.
-Сая нийгэм бол хоёр хуваагдлаа. Зарим нь тухайн хүүхдүүдийг их дээд сургуульд сурах эрхийн хас гээд энэ солонгос маягийн загвар гэтэл нөгөө талдаа дээрэлхэлт гардаг орчныг нь байхгүй болгоё гээд нэгнийгээ дээрэлхэж байхад дэмжиж инээж байдаг тэрийг байхгүй болгоё хэн ч тэрийг дэмжихгүй бол тухайн хүн эвгүй байдалд орно биз дээ.
-Танай намын Ж.Золжаргал гишүүн намаасаа гарсан, Б.Мөнхсоёл гишүүн гомдоод яваад байсан. Танай нам дотроо учраа олохгүй байна уу?
-Үгүй ээ. Өнөөдөр жишээ нь МАН-ыг харалдаа эрүүл хүн байна уу гэдэг шиг л хоорондоо аймар болчихсон байна шүү дээ. Тэгэхээр нам доторх эв нэгдэл гэж юу юм бэ гэхээр нэг зорилгын төлөө явж байгаа өөр өөр хүмүүс шүү дээ. хамгийн гол нь энэ хүмүүст нэг ижил зүйл байх ёстой, улс орны эрх ашиг Ж.Золжаргалын гарсан асуудлыг өөрөөс нь асуух хэрэгтэй, албан ёсоор гарчихсан юм байхгүй явж л байгаа шүү дээ.
-Боловсролын салбарт ХҮН намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүй дээ харамсаж байна гэсэн байсан.
-Бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэсэн, өөрөөр хэлбэл замын дунд очиж байна.
-Гэхдээ та МАН-ын боловсролын салбар дахь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр МАН-ын хавсралт Засгийн газарт ажиллаж байгаа сайд шүү дээ.
-Үгүй шүү дээ. Энэ чинь гэрээтэй юм Л.Оюун-Эрдэнэ сайд урьсан шүү дээ, ХҮН нам, Ардчилсан намыг бид Герман Улсад очиж туршлага судалсан, хамгийн түрүүнд гэрээ байгуулдаг, хамтран ажиллах, дураараа Засгаас гарахгүй мөрийн хөтөлбөрөө ингэж хэрэгжүүлнэ гээд тэгэхээр ХҮН намын боловсролын хөтөлбөр, эрчим хүчний бодлогын хөтөлбөрийг яг тэр чигт нь авч ирээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгосон байхгүй юу 90 хэдэн хувьтай.
-Таны баримталж ажилласан бодлого ХҮН намын мөрийн хөтөлбөр гэсэн үг үү?
-Тийм, боловсрол, эрчим хүч нь ч тийм. Гэхдээ аль ч намын хөтөлбөр 80 хувьтай нийцэж байсан.
-Ялгарах гол ялгаа нь юу байсан юм?
-20 хувийн л ялгааг асууж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг нь арай илүү либерали чөлөөтэй, уян хатан нөгөөх нь төрийн оролцоог арай илүү байлгах байсан.
-Тэгэхээр та хоёр жилийн хугацаанд ХҮН намын ямар бодлогыг хэрэгжүүлэв?
-Цалин хөлсний асуудал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал, хөтөлбөр шинэчлэх, их дээд сургуулийн босго оноог нэмэгдүүлэх, багийн бага сургуулиуд зэрэг асуудлууд хэрэгжсэн шүү дээ.
-Нийслэлд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын анги дүүргэлт хэд орчим байгаа вэ?
-Ойролцоогоор 40-өөс дээш байгаа.
-Тэгэхээр л сургалтын чанар муудах гол шалтгаан болоод байна шүү дээ.
-Хотхоны бага сургуулийг дэмжих чиглэлийг яамнаас өгсөн харамсалтай нь ажил хэрэг болоогүй байна. Багын ажил яваад байдаг хотхоны бага сургуулийг ажил хэрэг болгож арай л амжсангүй. Гэхдээ хотхоны бага сургуулийг олон талаас нь бодвол богино хугацааны л шийдэл.
-40 гаруй хүүхэдтэй хичээллэж байна гэдэг нь сургуулийн анги танхимын хүрэлцээний асуудал уу, багш нарын хүрэлцээний хомсдол уу?
-Анги танхимын асуудал яагаад гэхээр нийслэл чинь хүн ам нь байнгын өсөлттэй байна шүү дээ. Дэлхий дээр хамгийн хурдан хүн ам нь нэмэгдэж байгаа хотын нэг ч байж магадгүй. Ялангуяа хотын төв рүүгээ орж ирж үйлчлүүлж байгаа хүүхдүүд олон байна. Хотын захаас хотын төв рүү орж ирж суралцаж байгаа. Тийм учраас хотын зах руу түлхүү сургууль барьж өгч байгаа шүү дээ. Тэнд сайн ч сургууль байна, анзаарсан бол шинээр байгуулагдаж байгаа сургуулиуд чанартай шүү дээ. жишээлбэл БЗД-д баригдаж байгаа сургууль.
-Баригдаж байгаа барилгын хувьд чанартай гэсэн үг үү?
-Тийм, барилгын хувьд чанартай. Олимп хотхонд 960 хүүхдийн сургуулийг 2025 онд ашиглалтад орсон. Тэрийг бодлогоор бага сургууль болгосон гэтэл тэнд одоо 1700 хүүхэд сурч байна. Тэр 1700 хүүхдүүдийн 400 гаруй нь хувийн сургуулиас ирж төрийн өмчийн сургуульд орж байгаа юм. Яагаад гэвэл орчин нь тийм сайн болж байгаа юм. Энэ чинь олон хүний хүчин чармайлтад баригдсан сургууль, нийслэлийн боловсролын газар ч маш сайн хөөцөлдсөн, дүүргийн төлөөлөгч, УИХ-ын гишүүд ч бас маш их дэмжсэн. Миний хувьд ч нийслэлийн төлөөлөгч байхдаа барилгын ажил нь гацаж байхад очиж ажиллаж л байсан.
-Сайн орчинтой улсын сургууль байгуулбал хувийн сургуулиас шилжиж ирэх хүүхдийн тоо их байгаа юм уу?
-Төрийн цөм хөтөлбөр, одоогийн бидний боловсруулсан хөтөлбөрийн бага сургуулийн цөм хөтөлбөр сайн, нэг их ялгаа байхгүй. Орчин сайтай, нэг ангид 30 хүүхэдтэй бол та хүүхдээ улсын сургуульд өгнө биз дээ. Эцэг эхчүүд яагаад хувийн сургуульд хүүхдээ өгөөд байна гэхээр нэг ангид 40 хүүхэдтэй байна гэдэг шалтгаанаар ийм сургуулиудыг л нэмээд байвал хувийн бага сургууль багасаж эхлэнэ.
2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж чадсан
-Тэгэхээр та бага сургуулиудын тоог нэмье гэхээр барилга байгууламжийн асуудал таны мэдлээс хэтрээд явсан гэсэн үг үү?
-Үгүй үгүй. Бид хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмж чадсан юм 1.1 их наяд болгосон өнгөрсөн жил 470 тэрбум байсан. Үүнээс нийслэлд 20 шинэ сургууль барихаар төлөвлөгдсөн байгаа. Улсын төсвөөр, азийн хөгжлийн зээлээр. Энд нэг л асуудал байгаа ерөөсөө л газар, газар нь бэлэн биш дээр үед сургуулийнхаа том хашаатай байсныг хэсэглээд зараад дуусгачихсан, ийм сургуулиуд зөндөө байна. Тэгэхээр нийслэлд бид бичиг гаргаж өгөөд ярилцаад газар чөлөөлөөд өгвөл бид сургуулийн асуудлыг шийдээд өгье гээд хэд хэдэн газар чөлөөлүүлсэн.
-Бидний ярилцах цаг өндөрдөж байна. Өнгөрсөн нэг жил есөн сарын хугацаанд боловсролын салбарт юу хийснийг бүгдийг нь яривал мэдээж урт хугацаа хэрэгтэй байх, гэхдээ боловсролын салбарт ажиллаж байгаа хүнд энэ салбарыг өөрчлөх шаардлага маш их гардаг. Тэгэхээр амбиц бол байсан байх гэхдээ намынхаа бодлогоо хүндэтгээд ажлаа өгч байна гэж дүгнэлээ.
-Үгүй ээ. Би яг ч шууд тэгж хэлээгүй. Аливаа юм цаг хугацаатай байдаг тэгэхээр би бараг 21 сар ажилсан шүү дээ. энэ ажлын тодорхой хэмжээний үр дүнд хүрлээ. Хэн ч байсан цаашид аваад явах боломжтой, хэн нь ч бай энэ салбарыг унагаахыг бодохгүй шүү дээ, энэ салбарын төлөө л бүгд ажиллаж ирсэн. Энэ ажлыг одоо өгөх цаг нь болсон байна. Түүний зэрэгцээ би өөрийнхөө хүсэлтээр өгч байгаа хүн шүү дээ. УИХ-ын танхимд өөрийнхөө дуу хоолойг өргөе, БЗД-ийн сонгогчдын дуу хоолойны өмнөөс яръя, боловсролын салбарт нэлээн явлаа, одоо бол миний цаг болжээ гэж харж байгаа.
Харин нам бол эрчим хүчний салбараа бүрэн шийдвэрлэе, сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан улс болгоё, тэгээд эрчим хүчээ үйлдвэрлээд илүү гарснаа зардаг Монгол Улс болъё ингэж зорьж байхад би ч мөн адил дуу хоолойгоо нийлүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ утгаараа би энэ ажлыг их сэтгэл хангалуун өгч байгаа шүү.Тэрнээс биш ямар нэгэн дарамт шахалт, намын бодлогоос болоод гэсэн ийм “гонгиносон” юм ярихгүй ээ.
-За ойлголоо, баярлалаа. Улсын Их Хурлын Гишүүний ажлаа сайн хийгээрэй. Амжилт хүсье.
-За баярлалаа. Энэ бас том даалгавар, хуулийн төслөөс гадна иргэдийнхээ дуу хоолойг хүргэнэ гэдэг их чухал ажил шүү.
М.Солонго








Мэргэжлийн түвшинд ажилласан алдаа оноо байгаа л байх танд ажлын амжилт сайн сайхныг хүсье
Мэргэжлийн түвшинд ажилласан алдаа оноо байгаа л байх танд ажлын амжилт сайн сайхныг хүсье
Мэргэжлийн түвшинд ажилласан алдаа оноо байгаа л байх танд ажлын амжилт сайн сайхныг хүсье
Мэргэжлийн түвшинд ажилласан алдаа оноо байгаа л байх танд ажлын амжилт сайн сайхныг хүсье