
Монгол Улсад Ази тивийн аварга шалгаруулах боксын “Улаанбаатар 2026” тэмцээн 03 дугаар сарын 30-ны өдөр хөшгөө нээсэн. Тэмцээний 9 дэх өдөр Монголын 3 боксчин тулалдсанаас 2 эрэгтэй тамирчин хүрэл медаль зүүсэн.
Харин эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд тулалдсан Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Э.Номундарь Казахстаны хашир туршлагатай боксчин Айгерим Саттибаеваг ялсан юм.
Ингээд тус тулааны дараа Э.Номундарьтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

Э.Номундарь: Монголчуудынхаа уухайн дунд ялалт байгуулан, финалд шалгарсандаа баяртай байна
Спортын мастер, “Мон алтиус” БТДС-ийн 2в ангийн оюутан Э.Номундарь: Анхны Ази тивийн аваргад тулалдаж, мөнгөн медалийн болзол хангасандаа баяртай байна. Финалын тоглолтондоо илүү их хичээх болно.
-Өрсөлдөгч маань надаас нэлээн эгч. Маш туршлагатай тамирчин байлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хамгийн бага буюу эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд хамгийн залуу тамирчин болж байгаа.
Энэ том тэмцээнд энэ том тамирчидтай гар зөрүүлж, ялалт байгуулсандаа маш их баяртай байна.
Мөн намайг дасгалжуулсан боксын шигшээ багийн дасгалжуулагч багш нар, Монголын боксын холбооны удирдлага, нарийн бичгийн дарга, хамт олон, намайг дандаа туслаж дэмждэг клубынхэн, сургуулийн багш нар, бүх хүмүүстээ маш их баярлалаа.
Шигшээ багийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье дээ. Сая рингэнд гарахын өмнө нэг их зүйл бодогдоогүй. Энэ тэмцээн нутаг дээр маань болж байгаа, манай рингэн дээр болж буй учраас сэтгэлзүй маш сайтай, нэлээн зоригтой байсан.
Дээр нь Монголынхоо хөгжөөн дэмжигч нарынхаа уухайн дунд маш гоё ялалтыг байгууллаа. Илүү хүч орж, өрсөлдөгчөө яллаа. Финал дээрээ илүү сайн өөрийгөө дайчлан, бүх хүчээ зориулах болно.
Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Энх-Амгалангийн Номундарь өмнө нь 2024 онд Казахстаны Астана хотод болсон сонирхогчдын боксын 22 хүртэлх насны болон залуучуудын Азийн АШТ-ний залуучуудын ангилалд 50кг-д оролцож, мөнгөн медаль хүртэж байв.
Мөн тэрбээр Алматы олон улсын тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан юм.
Спортын мастер Э.Номундарийн видео ярилцлагыг бүтэн үзэх линк:







