
Монгол орны усны нөөц 2023 оны байдлаар 564,8 км3 түүний 19,4 км3 нь мөнх цас, 34,6 км3 нь гол мөрний ус, 500 км3 нуур тойром, 10,8 км3 нь газар доорх усыг эзэлдэг гэх судалгаа байдаг.
Өнгөрсөн сард экс Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгой” ХХК-ын удирдлагуудтай уулзах үеэр Усны газрын дарга З.Батбаярт “Оюу толгой” ХХК-ын 2020 оноос өнөөдрийг хүртэл “ус бохирдуулсан”-ы төлбөрийг нөхөн төлүүлэх үүрэг чиглэл өгсөн.
Ус бохирдуулсны төлбөр гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэн нь үйл ажиллагаа явуулах явцдаа гаргасан хаягдал усанд Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг аж.
Хачирхалтай нь жилд 10 сая м/куб ус ашигладаг гэх “Оюу толгой” ХХК 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж улмаар монголын говьд орших гүний усыг ашиглаж хаягдал усны төлбөрөө 2020 оноос өнөөдрийг болтол төлөөгүй ирсэн байдаг.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд зааснаар ус бохирдуулагч буюу аж ахуй нэгж нь хаягдал усны тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах, ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэж заажээ.
Ус ашигласны төлбөрийг ус бохирдуулсны төлбөртэй адилтган үзэж ус бохирдуулсны төлбөр төлөхөөс зайлсхийж буй талаар Усны газрын дарга З.Батбаяр хатуухан шүүмжлэв.
З.Батбаяр: “Банкнууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад жилд 10 гаруй сая м/куб ус ашигладаг Оюу толгой компани ус ашигласны төлбөрийн тухай асуудлаар бамбай хийж, бохирдуулсны төлбөрөөс бултах үйлдэл гаргаж байгаагаасаа ичих хэрэгтэй” гэв.
Ус ашигласны төлбөр нь иргэн, аж ахуй нэгж ус, рашааны нөөц ашигласан төлбөрөө төлөхөөр Усны хуульд зааж өгчээ.
Хэдий Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг аж ахуй нэгж байлаа гээд жирийн иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөд болоод байгаа ус бохирдуулсны төлбөрөөс ус ашигласны төлбөр төлсөн нэрийн дор бултаж болохгүй.
Экс Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхөөсөө өмнө Рио тинто, Оюу толгой компанийн удирдлагуудтай уулзаж, Монголын эрх ашгийг хангуулах, ашиг биш өр үүсгэж буй гэрээнүүдийг өөрчлөх талаар хатуухан хэлж, уурыг нь хүргэсэн. Нэмээд ч Ус бохирдуулсны төлбөрийг нөхөн төлүүлэх чиглэл өгчихөөд явсан.
Халааг нь авсан Ерөнхий сайд Н.Учрал Рио тинтогийнхонтой хэрхэн харьцаж, ус бохирдуулсны төлбөрөө нөхөн төлүүлж чадах эсэхийг харах л үлдэж байна.








