
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Олонхын болон цөөнхийн гишүүн гэж ялгаварлахгүйгээр, ажлын хэсэгт тэгш оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
Шинэ Ерөнхий сайдын Засгийн газарт өмнөх сайдууд үлдэх үү, эс үлдэх үү? хэмээх асуудал олон нийтийн анхаарлын төвд буй.
Энэ ч утгаараа Монголын ард түмний дунд ч эл асуудал зүй ёсоор анхаарал татаж, мөн саарал ордонд ч шинэхэн Засгийн газрын баг хэрхэн бүрдэхийг тойрсон сэдвүүд халуухан өрнөж байна.
УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Сайдын суудалд суух санал ирвэл дуртайяа хүлээж авна гэх. Харин зарим нь санал ирсэн ч хүлээж авахгүй, татгалзна гэдгийг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогт дөнгөж саяхан хэвлэлийнхэнд хандаж, өөрийн байр сууриа илэрхийлэв. Түүнийг МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын даргад нэр дэвшүүлээд буй.
С.Бямбацогт: “Намайг нэр дэвшигчийн хувиар намын зөвлөлийн гишүүд дуудсан. Иймээс зөвлөлийнхөнтэйгээ уулзаж, санал бодлоо солилцохыг урьсны дагуу урилгыг хүлээн авч, МАН-ын зөвлөлийн хуралд оролцлоо.
Өнөөдрийн байдлаар 126 гишүүнтэй парламент бүрдэж, 5 нам суудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь ихэвчлэн 2-3 нам л парламентад төлөөлөлтэй байсан бол өнөө цагт олон намын оролцоотой болсон нь улс төрийн соёл, хамтын ажиллагаанд шинэ шат авчирч байна.
Хамтарсан Засгийн газар байгуулж, эв нэгдэлтэйгээр ажиллаж, хариуцлагаа хамтдаа үүрнэ гэж тохирсон тул бусад намын гишүүддээ хүндэтгэлтэй хандах нь зүйтэй гэж үзэж байна. Олонхын болон цөөнхийн гишүүн гэж ялгаварлахгүйгээр, ажлын хэсэгт тэгш оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Харин санаачилсан хууль нь мэргэжлийн байнгын хорооны түвшинд дэмжигдсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулж, бодитой, үр дүнтэйгээр ажиллах зарчим баримтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хууль санаачлах шатанд бус харин дэмжигдсэн хуулиуд дээр ажлын хэсэг байгуулдаг байх нь илүү оновчтой гэж үзэж байна.
Мөн хэнийг ч ялгаварлан гадуурхахгүйгээр, мэдлэг чадвартай гишүүдийг ажлын хэсэгт жигд оролцуулж ажиллуулах шаардлагатай гэдгийг ХҮН намын зүгээс онцолж байна” гэв.
Шууд мэдээллийг үзэх линк:








