
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.04.03/ УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх, 64 гишүүний дэмжлэг авсан нэр дэвшигчийг УИХ-ын даргад санал болгон баталдаг байх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуулийн төслийг судлах ёстой, ажлын хэсэг гаргах ёстой гэдэг асуудлыг хөндөж тавиад байна. Улмаар хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад олонхи нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буй. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтийг даган гарах зайлшгүй шаардлагатай хуулиудын нэг нь энэ хууль юм. 126 гишүүнтэй болно гэдэг нь Монгол Улс цаашид олон намын тогтолцоог бэхжүүлж, хөгжүүлэх бодлоготой байна гэсэн үг. Ийм тогтолцоонд шилжсэнээр эвслийн Засгийн газар бүрдэх нөхцөл улам бүр тодорхой болно.
МАН энэ асуудлыг зөв гэж үзэж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Мөн бүх улс төрийн намуудыг хэлэлцүүлэгт оролцуулж, цаашид хамтран зөвшилцөх зарчим баримталж байна.
МАН нь дэвшүүлсэн асуудлаа ярьж, шийдвэрлэж чаддаг улс төрийн хүчин учраас өнөөдрийн түвшинд хүрч чадсан. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилснээр намуудын хариуцлагыг нэмэгдүүлж чадсан. Ялангуяа парламент нь улс төрийн намуудаас бүрддэг тул тэдгээрийн үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгож, сайжруулсан.
Яг энэ цаг үед Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь УИХ гэж үзэж байна. Иймээс улс төрийн намуудыг илүү чанартай, чадавхтай болгох шаардлага үүсэж байгаа бөгөөд үүнийг хуулиар зохицуулж байна.
Одоогийн бүтцийн асуудлууд дээр иж бүрэн шинэчлэл хийгдэж байгаа. Мөн Засгийн газрын бүтцийг илүү боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий” гэв.








