
Санал тоолох төхөөрөмжийн шинэчлэлд 40 тэрбум төгрөг шаардлагатай байна
Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох төхөөрөмжийн шинэчлэл, нөхөн бүрдүүлэлтийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж байна. Тус хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийн мэдээлснээр одоо ашиглаж буй сонгуулийн төхөөрөмжүүд дийлэнх нь 2012 онд худалдан авсан бөгөөд арав гаруй жилийн хугацаанд нийт 38 сонгуульд ашиглагдсан байна.
Тэрбээр “2021 оноос хойш төхөөрөмжийн шинэчлэл, нөхөн бүрдүүлэлтийн асуудлыг УИХ-д удаа дараа танилцуулж ирсэн. 2023 онд 507 ширхэг санал тоолох төхөөрөмжийг нөхөн бүрдүүлж, нийтдээ 700 орчим төхөөрөмжийг шинэчилсэн. Гэвч үлдсэн ихэнх төхөөрөмжүүд нь 2012 оны хуучин техник хэвээр байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн эдгээр төхөөрөмжийн анхны өртөг ашиглалтын хугацаандаа нөхөгдсөн бөгөөд дотоодын техникийн үзлэгээр 2024 оны сонгуулийг дуустал ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан ч цаашид ашиглахад эрсдэл үүсэх нөхцөл байдалтай байгааг онцолсон юм.
Иймд 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангахын тулд үлдсэн төхөөрөмжүүдийн нөхөн бүрдүүлэлтийг яаралтай хийх шаардлагатай байгааг хэлэв. Энэ хүрээнд нийт 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй бөгөөд одоогоор зөвхөн 30 хувийг нь шийдвэрлээд байгаа аж.
“Үлдсэн 70 хувийг энэ онд шийдвэрлэхгүй бол ирэх жилийн төсөвтэй уялдуулан худалдан авах, бэлтгэл хангах хугацаа хүрэлцэхгүй. Энэ нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй.” гэж анхаарууллаа.
Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос уг асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэх саналыг дахин танилцуулж байгаа юм.
М.Солонго
СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: Видео ярилцлага бүтэн үзэх линк:







