
Хавар хачин их улс төржилт болдогыг хэн хүнгүй л мэднэ. Энэ нь гэхдээ саарал ордны гадаа байгаа бидний амьдралд хамаагүй байдаг ч улсын эдийн засаг, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, төсөв мөнгөний асуудал болж хувираад ирэхээрээ та бидний амьдралд руу эрхгүй шунгаж ордог нь үнэн.
Энэ хаврын улс төрийн “хорлол” УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өдөр л тодорхой харагдаж, үзэгдэж харагдахгүй, хуралдаа ч ирэхгүй байсан “ТОМ” улс төрчид ирцээ бүртгүүлээд орж ирсэн нь, Авлигатай тэмцэх газар хуулийн сайдаа өгч шалгуулан, баримттай, 2 ч амьд гэрчтэй, тэд нь баримтаа баталж, мэдээлэл өгөхөөр болсон гэж зоригтойхон дуугарч, бичиг баримт өгч, нээлттэй ярилцлагад ч хариулж суугаа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үйлдэл нь улс төрийг халаах нь хэдийн тодорхой болгочихсон.
Л.Оюун-Эрдэнийг тэнд бичиг өгч байхад энд саарал ордонд сандарч бачуурсан хуулийн сайд Б.Энхбаяр, нэр холбогдсон Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэйгээ нийлээд хэвлэлийнхэний өмнө гарч ирэн өөрсдийгөө өмгөөллөө. Үнэндээ Б.Энхбаяр сайдад Д.Мөнх-Эрдэнээс өөр дэмжлэг МАН дотор нь байдаггүй гэдэг нь үнэн бололтой.
Л.Оюун-Эрдэнийн 2 гэрчийн нэг “Бодь интернэйшнл”-ын гүйцэтгэх захирал асан А.Амундра мэдүүлэг баримттай, мэдүүлгээ өгнө, зугтахгүй, монголд очно гэж өөрийн инстаграмаараа мэдэгдсэн. Үнэн гэж батлан хэд хэдэн хүний нэр дурьдан баримт бичсэн. Хэрвээ А.Амундра ирж мэдүүлгээ өгвөл хэн хэн хохирч, хэн хэн хожих вэ.
Авлигатай тэмцэх газар хуулийн сайд Б.Энхбаярыг дэд сайдтай нь хамт “Бодь”-той уяад өгчихсөн. Үүний ард Бодийн Д.Баясгалантай нэр холбогдож, “Тэврэлтийн өрөө”-рүү хоосон орсон ч тортой мөнгө барьж гарч ирсэн бүхэн хамгийн ихээр хохирч үлдэнэ. Харин сүүдэрт нь Г.Занданшатар, зарим нэг сайд нарынхаа хамт магад огцорсноор “хохирогчид” дуусах байх.
Харин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалантай нэг талд зогсож буй Н.Учрал, парламентын ардчилал ярьж буй сөрөг хүчин АН, тэдэнтэй санал нэгдсэн Н.Номтойбаяр нар хожихоор харагдаж байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас, үргэлжлүүлээд Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга, намын даргаас зайлуулах гэж жил тойрон улс төр хийсэн Г.Занданшатар болон У.Хүрэлсүхийн талынхан энэ бүхний ард хамгийн том хохирогч болж мэдэхээр байна.
Өчигдөрхөн төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргын өрөөнд нэр бүхий гишүүд орой уулзаж, АН-ынхан өглөөнөөс үд хүртэл хэвлэлд улс төрийн мэдэгдэл хийж байхад, Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд өөрийн цахим хуудсандаа,
“Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа. Би шударга ёс зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна. Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй, Ухрах, тохирох ямар ч бодол алга” гэсэн нь тохироо хэдийн эхэлсэн, харин түүнд тохиролцох сонирхол байхгүй буюу Ерөнхий сайдын суудлаа өгөх хүсэлгүй байгаа нь тод харагдаж байна.
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар байсан ч албан ёсоор тов зарлагдаагүй л байна. Энэ нь томчууд тохиролцоонд хүрч чадахгүй л байгааг илтгэнэ. Тэд үнэхээр улс орон, эдийн засаг, түлш шатахуунд санаа зовж байна уу эсвэл эрх мэдэл, Алтан түлхүүрийг хэн атгах вэ гэдэгт л санаа нь зовж суух шиг байна.








эрх мэдэл, Алтан түлхүүрийг хэн атгах вэ гэдэгт л санаа нь зовж суух шиг байна. гэсэн нь ортой биз дээ