
Монгол моточдын залгамж чанар эр зоригийн олимп “Дакар”-т үргэлжилсээр байгаа билээ. “Тал нутгаас Дакарт” төслийн хүрээнд ерөнхий зохицуулагч Э.Ууган-Эрдэнээр ахлуулсан баг Мото спортын ОУХМ, МУГТ Э.Халиунболд “Дакар-2026” уралдаанд өндөр амжилтыг үзүүлээд ирсэн.
Тэгвэл энэхүү төсөл амжилттай үргэлжилж, мотоспортын шинэ өнгө төрх ОУХМ Б.Батмөнхийг эгнээндээ нэгтгэлээ
Монголын авто спортын шинэ үеийн төлөөлөл, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх “Тал Нутгаас Дакарт” төслийн хүрээнд хамтран ажиллахаар болов. Энэ нь Монголын тамирчид дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох Дакар Раллиг зорих томоохон алхам болж байна.

Б.Батмөнх нь сүүлийн зургаан жилийн хугацаанд ралли төрлөөр тууштай хичээллэж, Мотокросс, Баха, Седан болон холын зайн ралли зэрэг олон төрөлд амжилт гаргасан залуу тамирчин юм. Тэрээр Монгол Ралли, Мастер Ралли, Японы SSER Rally Mongolia зэрэг тэмцээнүүдэд мото ангилалд удаа дараа тэргүүн байр эзэлж, ур чадвараа батлан харуулсан билээ. Ийн тэрбээр дараагийн Дакар Раллиг зорих Монгол залуусын нэг боллоо.


“Тал Нутгаас Дакарт” төсөл нь 2027 оны Дакар Раллиг илүү өргөн бүрэлдэхүүнтэй, системтэйгээр зорих зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Төслийн эхний шатанд дэлхийн аваргын гараанд оролцож оноо цуглуулах, улмаар Дакарт уралдах эрх авах бэлтгэл ажлууд эрчимтэй өрнөж байна.
Энэхүү зорилго нь зөвхөн спортын амжилтаар хязгаарлагдахгүй. Монголын нэрийг олон улсын тавцанд гаргах, эх орноо сурталчлах, залуу үеийг спортод уриалах чухал ач холбогдолтой.










