
Монгол бүсгүй Паралимпын талбарт АНУ-ын багийн эд эс болон өрсөлдөж байна
Спортын салбар бол аливаа улс орны тод гялалзах нэрийн хуудас нь юм. Харин улс эх орныхоо нэрийг хэрхэн тод өнгөөр солонгоруулахыг тухайн тамирчны амжилт, ялалт, ур чадвар л мэддэг.
Энэ ч утгаараа зарим улс орнууд спортын салбартаа гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэхийн тулд хөрөнгө, мөнгөө харамгүй зориулдаг. Иймээс аливаа улс орнууд ур чадвар сайтай, өгөгдөлтэй, чансаатай тамирчныг өөрийн улсын нэр дээр импорт тамирчнаар бүртгэн авч, тэмцээн уралдаанд эх орноо төлөөлүүлэн өрсөлдөх боломжоор хангаж өгдөг.
Тухайлбал, буудлагын спортын тамирчин Д. Мөнхбаяр, жүдо бөхийн Г.Отгонцэцэг, шатрын спортын Их мастер Д.Номин-Эрдэнэ зэрэг тамирчид гадны улс орны нэрийн өмнөөс өрсөлдөж байсан жишээг дурдаж болно.
Тэгвэл “Милан Кортина-2026” паралимпын 14-р наадам 4 дэх өдрөө үргэлжилж байгаа. Энэ өдрүүдэд Кортина хотын мөсөн талбайд Монгол бүсгүй АНУ-ын багийн нэрийн өмнөөс кёрлингийн тэмцээнд өрсөлдөж буй нь олны анхаарлыг татаж байна.

АНУ-ын кёрлингийн пара шигшээ багийн тамирчин У.Бат-Оюун бюу “Оюуна” гэж хэн бэ?
Монголд төрж өссөн ч амьдралын хүнд сорилтыг даван туулж, паралимпын спортын өрсөлдөөний мөсөн талбайд гарч чадсан тамирчин бол Уранчимэгийн Бат-Оюун юм. Паралимпын спортын төрлүүдийн тамирчдын тэсвэр тэвчээр, хатуужил, эр зоригийг бахархаад баршгүй.
О.Бат-Оюун нь өдгөө 50 настай, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр Монгол Улсад төрж өссөн хэдий ч 2000 онд АНУ-д аялах үеэрээ авто осолд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авчээ.


Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй, амьдралаа дахин шинээр, өөр өнцгөөс харж, шинэ замыг сонгосон нь кёрлингийн спорт байжээ.
Түүний хувьд 2016 онд найзынхаа санал болгосноор, кёрлингийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн нь энэхүү амжилтын эхлэл болжээ. Өдгөө тэрбээр паралимпын наадмын тамирчин хэмээн дуудуулж байна. Кёрлинг ялангуяа тэргэнцэртэй кёрлингт оновч гэдэг чухал. Учир нь анхнаасаа маш нарийн төлөвлөж, үйлдлээ хийх ёстой бөгөөд энгийн кёрлинг шиг дундаас нь замаа засч, чиглүүлэх боломжгүй.
1973 онд мэндэлсэн тэрбээр багаасаа барууны орон руу тэр дундаа АНУ руу аялж үзэхийг хүсдэг байжээ.
Монголд ардчилал гарч, элдэв хориг, хязгаарлалт суларсны дараа 2000 оны үед түүнд Америк явах боломж олджээ. Харамсалтай нь, Миннесотад найзындаа зочилж байх үеэрээ автомашины осолд орж, бэлхүүснээсээ доошоо саажилттай болсон аж. Энэ үед У.Бат-Оюун 27 настай, түүний хүү таван настай байсан гэнэ. Амьдрал нь тэр чигтээ орвонгоороо эргэв.
У.Бат-Оюун Монголд энгийн л амьдралтай хэлмэрч байжээ. Эцэст нь У.Бат-Оюун 2018 онд кёрлингийн шигшээ багт дуудагдаж, 2021 оны дөрөвдүгээр сард анхны олон улсын тэмцээндээ оролцжээ. Үүнээс зургаан сарын дараа 2021 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж, Бээжингийн паралимпийг зорих эрхээ авсан аж. У.Бат-Оюун 2008 онд Америкийн иргэншил авсан байна.
О.Бат-Оюун нь хэдхэн жилийн дотор тасралтгүй бэлтгэл сургуулилт, уйгагүй хөдөлмөр, шантрашгүй хүчийнхээ ачаар ур чадвараа нэмэгдүүлэн, АНУ-ын багийн бүрэлдэхүүнд багтаж чаджээ. Энэ нь түүний хувьд олон улсын тэмцээнүүд тэр дотроо Паралимпын наадамд эрхээ авч оролцохын гол үндэс суур нь болж өгсөн байна.


Тэрбээр “Бээжин-2022” паралимпын наадамд холимог багийн төрлөөр өрсөлдөж байсан бол өнөөдөр хоёр дахь наадамдаа ийн оролцож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хойшоо суулгүй, бусдад, олон нийтэд итгэл зориг, урам хүчийг хайрлаж, өөрсдөөрөө үлгэрлэж яваа паралимпын тамирчдын сэтгэлийн хатыг дэлхий нийтээрээ биширдэг.








