
Төв аймгийн Лүн сумын охиноос төр, түмэндээ үнэлэгдсэн хөдөлмөрч эмэгтэй намтар
Төв аймгийн Сэргэлэн сумын иргэн, 79 настай Н.Цэндсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нарынхаа хамтаар сар шинийн баяраа баяр хөөртэй угтлаа.
Тэрбээр насаараа Төв аймгийн оёдлын үйлдвэрт мастер, чанар шалгагч, дарга, хөдөлмөрийн багшаар ажиллажээ. Тэтгэвэрт гарсан хойноо ч өрхийн үйлдвэрлэл эрхэлж, олон зуун үндэсний хувцас, эдлэл урласан байна.
Нутаг орондоо үлгэр жишээ болсон хөдөлмөрч тэрбээр хойч үедээ хандан, “Зогсолтгүй хөдөлмөрлөж, зүтгээрэй. Үр шим нь заавал ирдэг юм шүү. Үртэй хүн үрээрээ, биетэй хүн биеэрээ жишиж яваарай” хэмээн захиж байлаа.
Н.Цэндсүрэн нь XVI жарны Гахай жил Төв аймгийн Лүн сумын нутаг, “Гурван хайлааст” хэмээх газар айлын ууган охин болон мэндэлжээ. Эцэг эхээс дөрвүүлээ. Том ах нь бурхны оронд одсон ч хоёр дүү нь өнөө хэр нь энх тунх амьдарч буй. Малчин удмын, хөдөлмөрч айлын охин тэрбээр бага наснаасаа амьдралын хатуу, зөөлнийг зэрэг мэдэрч өссөн нэгэн.

Түүний аав нэгдлийн үед Малын бага эмчийн ажил хийж, нэг хөтөлгөө морьтой, богц дүүрэн эм тариатай хөдөө нутгаар явж, малын эмчилгээ хийдэг байжээ. Харин ижий нь нэгдлийн 20 гаруй гүү сааж, норм төлөвлөгөө биелүүлэн хөдөлмөрийн хөлс авдаг байв.
3–4 дүгээр ангиасаа үүр цайхаас өмнө босож, 10 гаруй үнээ сааж, тугал татаж, хонь хурга хариулж, зуны амралтаар эцэг эхдээ нэмэр болдог байлаа. Амьдралын ухаан, хөдөлмөрийн үнэ цэнийг тэр багаасаа ийнхүү сурчээ.
Лүн сумынхаа дунд сургуулийн 7 дугаар анги төгсөөд аймгийн төвд 10 жилээ дүүргэж, улмаар Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинатын Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байгаад 19-хөн настайдаа буюу 1968 онд Төв аймгийн Артельд ирж, ахуй үйлчилгээний салбарт 20 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөжээ.
Эрт тэтгэвэртээ гарсан ч хөдөлмөрөөс хөндийрөөгүй
Чанар шалгагч мастер, технологичоор ажиллаж, ур дүй, сахилга хариуцлагаараа хамт олондоо хүндлэгдсэн нэгэн байв. Дараа нь Сэргэлэн суманд багшилж, 6–7 жил хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлжээ.
Бүрэн суманд ахуй үйлчилгээний төвийн даргаар 3–4 жил ажиллаж, удирдах албыг ч нэр төртэй хашсаар 46 насандаа тэтгэвэрт гарсан ч хөдөлмөрөөс хөндийрөөгүй.
“Зүгээр суух аштайхан ажил биш. Юм хийж байвал бие өвдөхгүй, сэтгэл зовохгүй” хэмээн тэр хэлдэг.
Тэтгэвэрт гарснаас хойш өрхийн үйлдвэрлэл эрхэлж, дээл хувцас, хүрэм, ор хөнжлийн даавуу, гэрийн хөшиг, эсгий бүрээс оёж, бусдад зааж сургаж явсан. Сэргэлэнд байхдаа жуулчны баазын бүх гэрийн эсгий, цагаан бүрээсийг эсгэж, оёдолчдыг удирдан ажиллуулж байжээ.
Түүний амьдралын үнэт зүйл бол зүйр цэцэн үг. “Үртэй хүн үрээрээ, биетэй хүн биеэрээ” хэмээх үгийг ижий нь байнга хэлдэг байсан бол тэр өөрөө ч үр хүүхдүүддээ захидаг. Энэ нь “Бусдын үрийг өөрийн үр мэт, бусдын биеийг өөрийн бие мэт бод” гэсэн гүн утгатай сургааль.
Тэрээр найман хүүхэд төрүүлснээс дөрөв нь өдгөө ажил хөдөлмөр эрхэлж байна. Хоёр охин нь багш, нэг охин нь эмч, хүү нь төрийн албан хаагч, Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байна. Ач, зээ нар нь инженер, эмч зэрэг мэргэжлээр суралцаж, амжилттай ажиллаж явна. Тэрбээр өдгөө 16 ач зээтэй өнөр өтгөн айлын эмээ.
Ач нар нь эмээгээ дурсахдаа: “Бид Сэргэлэн суманд адуу малын захад өссөн. Хоол боллоо гэхэд эмээ гэрийнхээ гадаа улаан даавуу уяна. Тэгэхээр морьтой нь морьтойгоороо, явган нь явганаараа бүгд цугларна. Эмээ биднийг зодож, загнаж ч байгаагүй, зүйр үгээр л хүмүүжүүлдэг байсан. Мөн өөрийн үзэж туулсан амьдралаа бидэндээ сургамж болгож ярьж өгдөг байсан даа.
Өвөө маань Доржийн Төмөр гэдэг хүн байсан. Сүүлд Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга хийж байсан. Өвөө маань дуу цөөтэй, нэг үг хэлбэл жинтэй үг хэлдэг хатуу биш ч үнэн зөвийг нь хэлчихдэг хүн байсан.” хэмээн ярьдаг.
Номонд баринтаг оёх нь хүнд дээл оёж өгсөнтэй адил буян
Тэр зөвхөн гэр бүлдээ бус, нийгэмдээ ч буян үйлджээ.
Улсын төв номын санд хадгалалтын баринтаг дутагдалтай байгааг сонсоод эхлээд 108 баринтаг оёхоор зорьсон нь хүүхдүүд, найз нөхдийн дэмжлэгээр 303 болж, номын санд хандивлажээ.
“Номд баринтаг хийх нь хүнд дээл хийж өгсөнтэй адил буян” гэж тэр үздэг. Мөн Ганданд болон нутгийнхандаа Алтангэрэл судрын баринтаг хийж өгч байжээ.
Түүнчлэн Монголын нууц товчоог 108 метр эсгий дээр ширэх ёслолд оролцож, өөрийн гараар хэдэн мөрийг ширж, хувь нэмрээ оруулсан нь түүний эх оронч сэтгэлийн илэрхийлэл юм.
Амьдралынхаа турш тэр үр хүүхдүүддээ: “Үнэнээр яваарай, зөвөөр яваарай. Хүнд муу бүү санаж, муу бүү хэл. Зөв сэтгэлтэй явбал ажил чинь нэг өдөр бүтдэг юм” хэмээн захиж иржээ.
Төр, түмнийхээ төлөө нар, цаггүй хөдөлмөрлөсөн тэрбээр өнөөдөр 80 насны босго алхаж, Төрийн дээд одон медалиар шагнагдан, үр хүүхэд, ач, зээ нарынхаа дунд жаргалтай сууж байна. “Үр хүүхдийнхээ буянаар би жаргаж байна” гэж тэр даруухнаар өгүүлдэг.
Түүний амьдрал бол хөдөлмөр, хүмүүжил, эв нэгдлийн түүх. Лүн сумын Гурван хайлаастаас эхэлсэн энэ намтар Сэргэлэн суманд үргэлжилж, өнөр өтгөн удам болон дэлгэрчээ.










