
Ярилцагч маань нэр, царайгаа нууцлахыг хүссэн тул түүнийг Ш гэе. Иргэн Ш-ийн хоёр хүү сүүлийн нэг жил эрчимтэй, цахимаар мөрийтэй тоглож хагас тэрбум гаруй төгрөгийн өрөнд оржээ. Түүнээс өмнө нь тоглож алдсан мөнгийг багцаалдвал нэг тэрбум хэдийн давсан талаараа ярилаа. Энэ хугацаанд хоёр хүү нь гэр оронгүй болж, эхнэр хүүхдээсээ ч салжээ.
Уг нь тус хүүхдүүдийн хувьд ид хийж бүтээх насныхан. Гэтэл мөрийтэй тоглоом тоглож, амьдралаа үрэн таран хийсэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихсон яваа нь энэ.
Иргэн Ш хувиараа бизнес эрхэлдэг байж.
Харин одоо…
Хоёр хүүгийнхээ тарьсан өрийг дарсаар эрхэлсэн ажилгүй шахуу болжээ.
Тэрбээр “Би хүүхдүүдийнхээ өмнөөс үхээд өгье гэж хүртэл бодох болсон. Хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Гэхдээ амь нас чухал. Мөрийтэй тоглоомд дан ганц тоглогч биш түүний эцэг эх, үр хүүхэд давхар сэтгэл санаагаараа хохирч, эрүүл мэндээ хүртэл алддаг юм байна. Цаашлаад гэр бүлийн маргаан гаарч амин чухал харилцааны асуудлууд хүртэл сууриараа хөндөгддөг. Уг нь хүүтэйгээ ярилцаад бүхнийг тэгээс эхэлье. Одоо байгаа өрөө дараад, дахин нэг босъё гэж ярилцдаг боловч энэ бүхэн худлаа болж таардаг. Хаанаас ч юм нэмээд л өр ширний асуудал гараад ирнэ” хэмээн хоолой зангируулан ярьж байна.
ИРГЭН Ш: Залуусаа мөрийтэй тоглоом тоглодог бол чи аав ээж, үр хүүхдийнхээ амь амьдрал, цус нулимсаар л дэнчин тавьж байна гэж ойлгоорой
Иргэн Ш залууст хандаж дараах зүйлийг анхааруулж хэллээ.Тэрбээр “Би уг нь хоёр хүүдээ тайлбарласан. Аав нь энэ амьдралыг босгох гэж төдийгөөс өдий хүртэл их мачийсан гээд л. Гэтэл ойлгодоггүй юм байна. Мөрийтэй тоглоом гэдэг цус нулимс хэн нэгний амь амьдралаар дэнчин тавигддаг бололтой. Тиймээс залуучууд минь миний хэлсэн битгий тоглоорой гэдэг энэ үгийг тархи, зүрхэндээ шингээж аваарай” хэмээлээ.
У.Чанцалдулам: Мөрийтэй тоглоом тоглохдоо би юу гэж донтох вэ дээ гэж бодсоор яваад л донтчихдог
Бид сэтгэлзүйч У.Чанцалдуламтай холбогдож зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Мөрийтэй тоглоомд донтож улмаар өр ширэнд орсон хүмүүсийн сэтгэл зүйн асуудал их эмзэг байдаг бололтой. Тиймээс тэдний сэтгэл зүйд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон шиг. Энэ талаар ярьж өгнө үү?
-Донтолт гэдэг талаас яривал хүн ямар ч зүйлд донтож болно. Жишээ авахад тамхичин хүн тамхиа татахгүй болохоор уур нь хүрээд, байж ядаад, давчдаад л. Ганцхан ширхэг тамхи олоод татчихмаар байна. Хоол унд хамаагүй ухааны юм ярьдаг. Харин тамхиа сороод хэсэг хугацааны дараа сэтгэл санаа нь тайвшраад ирдэг. Энэ бол өөрөө өөрийнхөө хэрэглээг хянах боломжгүй, бодол санаагаараа өөрийгөө удирдах боломжгүйд хүрсэн гэсэн үг. Тэр хүний хүсэл зоригоос хамаарахгүй болоод ирж байгаа юм.
Мөрийтэй тоглоомын хувьд мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомд донтох хоёрын хооронд ялгаатай. Мөрий тавьж тэдэн төгрөг олчих юм сан гэдэг нь чухал биш, ерөөсөө л мөнгөө тавиад тоглох үедээ кайф авдаг, асар хүчтэй тоглох дур төрдөг. Энэ бол донтолт.
-Таны саяын хэлсэн зүйлээс харахад мөнгө олохыг чухалчилдаггүй. Харин тэр кайф авахын төлөө тоглодог байх нь?
-Биш. Би тэрбумыг олчихъё гэх, өр зээл тавих нь чухал биш, тоглох нь чухал. Донтох эмгэг гэдэг хүнийг улам өөр рүүгээ татдаг. Одоо болохгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Хүн тэр дунд нь орж явсаар нэг л мэдэхэд уураг тархинд нь амьдрал ахуйгаа өөд нь татъя, өсөж дэвжихийн тулд мөрийтэй тоглоомоор гайгүй мөнгө олж л цаашаа явах юм байна гэдэг бодлын тойрогт орчихдог.
Мөрийтэй тоглоом бол маш богино хугацаанд хүний амьдралыг үгүй хийдэг. Тэрбум төгрөгийн өрөнд орно гэдэг тэр хүн насаараа төлөөд барахгүй. Тэр битгий хэл бид ч 500.000 төгрөгийн лизингээр авсан гар утсаа алдчихаад яадаг билээ. Хэд хоног бодоод л, нүдэнд харагдаад, тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэж харамсдаг. Мөрийтэй тоглоод хамаг байдгаа алдсан хүн үүнээс ч дор юм болно.
-Мөрийтэй тоглоомд залуус яагаад их донтох татагдах болов?
-Мөрийтэй тоглоомоор баяждаг гэдэг агуулга л залуусыг уруу татдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Хамгийн гол нь мөрийтэй тоглоомд донтох гэдэг жаахан цаашаа явахад л асар том гарах гарцгүй зүйл рүү орох үүд нь нээгдчихэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомоос бөөн бөөнөөр олоод баяждаг гэдэг агуулгын хэдэн хувь нь үнэн, хэд нь худлаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч тогтоогоогүй. Залуусыг дуудаж оруулж байгаа хүмүүс “Болно, бүтнэ. Чи чадна” гээд л оруулж байгаа. Гэтэл цаана нь энэ бол зохион байгуулалттай, хэн нэгэн ашиг олдог л үйл явц. Тийм учраас ийм хүмүүсийн өгөөш, идэш болох вий гэдгээ маш сайн тунгааж бодохыг хичээ гэж хэлмээр байна. Ер нь мөрийтэй тоглоомоор амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байгаа тохиолдол байхгүй. Харин эсрэгээрээ асар их сэтгэлийн зовлон руу өөрийгөө хийчихэж байгаа юм. Өөрөөсөө гадна эцэг, эх, гэр бүлээ тэр чигээр нь ангал руу татчихдаг. Төлж барахааргүй өрөнд орно, хамаг эд хөрөнгөө зарна. Сүүлдээ амиа хорлоод нас барлаа гэхэд ард нь маш их сэтгэлийн дарамттай нөхцөлд хүмүүсийг үлдээж байгаа л асуудал
-Гэр бүл, ойр дотнынхных нь сэтгэл зүйд мөн анхаарах шаардлагатай болж таарах нь?
-Мэдээж хэрэг. Бүгд ярилцаад сэтгэл зүйчид очих хэрэгтэй. Дан ганц тоглогч биш сууриараа энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
-Ямар насны, ямар хүн илүү татагддаг вэ?
-Тэр хэн байх нь хамаагүй. Дээд боловсролтой байж болно, олон хэл мэддэг байх нь хамаагүй, нэг л яваад орчихвол жингүйддэг. Хүн чинь их сонин. Уг нь “Би юу гэж донтох вэ дээ. Алдвал больчихно” гэж боддог. Гэтэл нэг тавьж үзээд алдаад л, дахиад тавихаар олоод байгаа юм шиг. Энэ чинь тактикийн юм шүү. Мөрийтэй тоглоом гэдэг том бизнес. 100.000 өгөөд тоглотол 200.000 олоод, 300.000 олоод дахиад 500.000 олох маягаар итгэлийг нь төрүүлдэг. Ингэж олоод байгаа юм чинь гээд том хөдлөөд л хамаг юмаа алддаг. Мөрийтэй тоглоом гэдэг чинь шударга тоглоом биш. Ашгийн төлөө хүн зохиосон программ шүү дээ.