
2025 оны хаврын нэгэн өдөр Сүхбаатарын талбайн хойд зах дахь явган хүний зам дээр сургуулиасаа харьж явсан найман настай охин скүүтерт мөргүүлэн унажээ.
Түүнийг мөргөсөн залуу уучлал эрсэнгүй. Харин “Хаана явж байгаа юм, хүүхдээ хараач!” хэмээн хашгичжээ.
Ийм явдал өдөр бүр, хаа сайгүй тохиолдож байна. Тухайлбал энэ сарын 10-ны өдөр явган хүний зам дээр алхаж байсан 12-р ангийн хөвгүүнийг араас нь хурдтай давхиж ирсэн скүүтер мөргөснөөс баруун хөл, баруун гар нь хугарчээ.
Хөвгүүн удахгүй өгөх ЕЭШ-аа өгөх боломжгүй болсноос амьдралын шинэ үеийн гараагаа хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй хохироод байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард бага насны охин дээрх шалтгаанаар гэмтэж эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлжээ.
Иргэд алхахдаа эргэн тойрноо сандарч харуулдан, “Юу хаанаас ирж мөргөх бол” гэх айдастай алхах болжээ. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 4500-5000 хүн өдөр тутамдаа скүүтер ашиглаж байна.
Скүүтертэй холбоотой осолд орсон иргэдийн дунд гар сарвуу хугарах, тархины цуурал, доргилт зэрэг ноцтой гэмтлүүд зонхилдог тухай Гэмтэл согог судлалын үндэсний төв мэдээлсэн.
Хүн төвтэй хотын үлгэр үргэлжилсээр…
Явган зорчигч бол хотын хамгийн олон, хамгийн бага хамгаалалттай хэрэглэгч. Гэвч Улаанбаатарт тэд хамгийн их хохирч байна. Хотын захиргаа “Хүн төвтэй хөгжлийн бодлого”, “Ногоон тээвэр” зэргийг рекламддаг ч газар дээрээ бодит байдал эсрэгээр өрнөж байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүрт хэрэгсэл ялангуяа цахилгаан скүүтерийн хэрэглээ эрс нэмэгдсэн.
Хотын төвийн явган хүний зарим зам дээр “тусгай зам”-ыг ихэвчлэн ногоон өнгөөр будсан байдаг. Үүнийг хүмүүст унадаг дугуйн зам гэж ойлгуулсан ч одоо бол скүүтертэй хүмүүс зогсолтгүй сигналдан давхиж явган хүнийг зайлуулах гэж оролдоно. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэмтэж бэртэх аюултай нөхцөл бүрдэв.
Өнгөрсөн жилийн байдлаар 19 хүн скүүтерт мөргүүлж гэмтсэний дийлэнх нь 5-9 насны хүүхэд байжээ. Осол аюулыг зохицуулах ямар ч хяналт байхгүй тул зөрчил өнөөдөр бүр даамжирсаар.
Энэ бол нийслэл хотын бодлогын алдаа, нөгөө талаар иргэдийн соёл төлөвшөөгүй байдлын тод дүр зураг юм. Зөвхөн дүрэм, соёлын тухай ч яриа биш.
Бидний аюулгүй орчинд амьдрах хүний эрхийн үндсэн зөрчил бас хөндөгдөнө. НҮБ-ын “Аюулгүй, хүртээмжтэй хот” хөтөлбөрийн хүрээнд явган зорчигчийн эрх хамгаалагдаагүй, орчныг аюултай болгосон үйлдлийг хүчирхийллийн нэг хэлбэр гэж тодорхойлсон байдаг. Энэ өнцгөөс тайлбарлавал хотын дарга хүний эрхийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байхад нүдэн балай чих дүлий байна уу гэсэн асуулт гарч ирнэ.
Дүрэм зөрчсөн хэрэглээ ба хуулийн хоосон орон зай
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд “механик бус унадаг дугуй”, “механик хүчээр хөдөлдөг хэрэгслийн тухай” хэсэг байгаа ч цахилгаан скүүтер, мопед, цахилгаан унадаг дугуй, жижиг хөдөлгүүртэй хэрэгслийн тухай нарийвчилсан ангилал, зохицуулалт одоогоор байхгүй байна.
Хуульч Ч.Өнөр “Цахилгаан хөдөлгүүртэй жижиг унааг зөвхөн авто зам дээр явуулахад аюултай ч явган хүний зам дээр явах нь бүр илүү эрсдэл дагуулдаг. Манай хуулиудад ангилал нь тодорхой биш, хэрэглэх орчин нь бүрхэг тул энэ хоосон оронг зайг хэрэглэгчид ашиглаж байна” гэж хэлэв.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн осол, гэмтлийн бодит тохиолдол болон статистик мэдээллүүд нь цахилгаан скүүтерийн зохисгүй хэрэглээ, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутуу, дэд бүтцийн хангалтгүй байдлын уршиг юм. Хамгийн гол нь скүүтерийн үйлчлэгээ үзүүлэгчдэд хариуцлага оногдуулах бодлого дутагдсанаас байдал өөрчлөгдөхгүй байна.
Тэдэнд дорвитой хариуцлага тооцох ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, Монголд анх удаа ухаалаг скүүтерийн түрээс нэвтрүүлсэн “Jet Sharing Mongolia” компани өнөөдөр хамгийн олон мянган скүүтертэй. Харин энэ компанийг үүсгэн байгуулсан Г.Дашням нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр томилогдоод удаагүй байна.
Тэрээр бас G-Mobile компанийн ТУЗ-ийн дарга. Тэгвэл “Jet Sharing Mongolia”-ийн скүүтерүүдийг G-Mobile компанийн сим картаар тоноглосон байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх нь хувийн компаниа нийтийн зам дээр тэлж, төрийн албан тушаалтайгаа давхцуулсан ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж олон нийт үзэж байна.
Энэ бол төр, хувийн хэвшлийн уялдаа бус, харин эргэлзээтэй сүлжээ. Ийм нөхцөлд хотын зам дээрх хүний эрхийн асуудлыг шийднэ гэж найдах аргагүй. Зөвлөх нь төрийн бодлогыг төлөөлөх үү, эсвэл өөрийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Нөгөө талаар замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар скүүтертэй явахыг хориглоогүй. Скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй явах дүрмийн заалт байгаа нь явган хүний замаар скүүтертэй зорчих эрхийг чөлөөтэй болгочихжээ.


Технологийн хөгжилтэй хүнийн эрхийн бодлогоо уялдуулъя

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь цахилгаан скүүтертэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөмж хүргүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах, техникийн үзүүлэлт, ангиллын стандартыг тодорхой болгох, жолоодох насны хязгаар тогтоох, хариуцлага, даатгалын асуудлыг шийдвэрлэхийг онцолсон байна.
Одоогоор эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь осол, гэмтлийн тоог нэмэгдүүлж, хүний эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлж байна.
Олон улсын туршлагаас харахад, тухайлбал Германи, Франц, Нидерланд зэрэг оронд цахилгаан скүүтерийг зөвхөн дугуйн замаар явахыг зөвшөөрдөг. Япон болон Сингапурт явган хүний замаар зорчихыг хатуу хориглодог бөгөөд зөрчвөл өндөр торгуультай. АНУ-д хот бүрийн дүрэм өөр боловч ерөнхийдөө явган хүний зам дээр гарахыг зөвшөөрдөггүй.
Харин манай улсын хувьд хууль эрх зүйн шинэчлэлийг яаралтай боловсруулж хэрэгжүүлэх нь хамгийн яаралтай ажил болоод байна. Үүнд цахилгаан хөдөлгүүрт хэрэгслийг тусгай ангилалд багтаах, хурд, нас, даатгалын хязгаар тогтоох, явган зорчигчийн зам дээр явахыг хориглох, түрээсийн аппликэйшнүүдэд хурдаа хязгаарлах техник шийдэл хэрэгжүүлэх, зөрчил гаргасан хэрэглэгчид торгууль оногдуулах зэрэг арга хэмжээ авч болно.
Улаанбаатар хотын гудамж талбай зөвхөн тээврийн хэрэгсэлд бус, хүн амьдрах орчны суурь эрхэд үйлчлэх ёстой. Өнөөдөр бид хүүхдүүдээ хөтлөөд алхахаасаа ч айж байна. Энэ бол хотын бодлого, соёл, хүний эрхийн олон давхар хямралын илэрхийлэл юм. Технологи хөгжсөн ч соёл, эрх, бодлого хөгжөөгүй манай хотын эмгэнэл юм. Алхах нь хүртэл аюултай болсон хотод бидний эрхийг хэн хамгаалах вэ?
Ө.Билэгт