
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа салбарын сайд нар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн үед ураны асуудал нэлээд яригдаж байгаа. Иймд цацраг идэвхэт бодисын нөлөөллийг хэмжих олон улсын стандарттай лабораторыг бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарлаа.
“Тэрбум мод” аян үргэлжилж байна. Намар, хавар улсаараа мод тарьдаг. Хархорин хотод ногоон төгөл байгуулах томоохон төсөл явж байна. Улаанбаатар хотын бүх л цэцэрлэгт хүрээлэнгээр бас тарьдаг. Харин энэ жил айл бүр хашаандаа 5 мод тарья гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Нийслэлийн бүх дүүргүүдийг хамруулж, 108 хороо, нийт 8 мянган өрхөд хашаандаа айл бүр 5 мод тарих төслийг дэмжинэ. Мод тарих төслүүдэд голцуу том ААН-үүд орж байна, жижиг ААН-үүд ч олноороо оролцмоор байна гэсэн санал их ирдэг. Цахим e-mongolia системд энэ айл бүр модоо бүртгүүлэх боломжийг нээж ажиллана.
Хүүхэд бүр байгаль хамгаалагч, хүүхэд бүр мод тарья гэсэн энэ аяныг ч уялдуулна. Говийн бүсийн усан хангамж яригдсан. Судалгаа шинжилгээний төслийн нэгжийг байгуулсан байгаа. Газар нутгийн иргэдтэй уулзах, бүх судалгааг нэгтгэх зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг явдаг байх зорилготой. Говийн бүсийг усаар хангах ажил хурдацтай явж эхлэх нь” гэв.