
Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2002 оноос эхлэн жил бүр улс орнуудыг хэвлэлийн эрх чөлөөний индексээр нь жагсааж эхэлсэн билээ. Тэгвэл 2025 онд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал анх удаа “хүнд” гэсэн ангилал руу орсон байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн жагсаалтыг гаргаж эхэлсэн цагаас хойш улс орнуудын талаас илүү хувьд нь сэтгүүлчдэд ажиллах хүндрэлтэй болжээ. Үүнд эдийн засгийн хүчин зүйл хамгийн их нөлөөлж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцолжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр редакцынхаа эрх чөлөөг хадгалж үлдэх, эдийн засгийн хувьд хараат бус байх гэсэн хоёр хадны дунд хавчуулагдсан байдалтай байна.
Монгол улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 2024 оныхоос 7 байр ахиж, 180 орноос 102-т бичигдсэн байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын хийсэн судалгаагаар Монгол улсад телевиз нь зах зээлийн 60-аас доошгүй хувийг эзэлж, иргэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс телевизийн мэдээ мэдээллийг хамгийн их үздэг болох нь тогтоогджээ. Тэдгээрээс Монголын олон нийтийн телевиз нь хамгийн олон үзэгчтэй, өдөр тутмын сонинуудаас Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээг хамгийн их уншигчтай гэж гарчээ.
Монголд хувийнх ч бай, төрийн өмчит ч бай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь засгийн газар эсвэл улс төрийн аль нэг намыг дэмжсэн мэдээ мэдээлэл цацах нь элбэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бие даан, бусдаас хараат бус мэдээлэх боломж нь улстөрчид, бизнесүүд, засгийн газрын агентлагууд болон хууль тогтоогчдын дарамтаас болж хязгаарлагддаг гэжээ.
Бусдыг гүтгэсэн хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү чиглэсэн байгаа нь мөн тэдгээрийг маш өндөр дүнгээр торгон шийтгэдэг зэргээс болж сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ мэдээлэлдээ цензур тавьж, хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хойш татах болжээ.
Түүнчлэн бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр шалгагдаж байгаа сэтгүүлчдийн багагүй хувь нь улс төрийн албан тушаалтан, хууль тогтоогчид, засгийн газрын агентлагуудын гомдол нэхэмжлэлийн дагуу шалгагдаж байгаа тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцолжээ.