
Нэвтрүүлгийн бүтэн дугаарыг дээрх холбоосоор үзнэ үү
“Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа Оюу толгой орд болон Оюу толгой ХХК-ийн нийт өр, монголын талд ногдох ашиг, менежментийн төлбөр, татварын маргаан, Онтре гоулдын лицензын талбайн маргааны асуудлаар холбогдох зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оюу толгойг тойрсон асуудлуудыг хэлэлцэхээр,
- УИХ-ын гишүүн О.Батнайрамдал
- УИХ-ын гишүүн П.Мөнхтулга
- “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан нар оролцлоо.
ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ОЙЛГОЛТООС ҮҮДЭЛТЭЙ МАРГААНУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
-Дубайн гэрээг албан байдлаар цуцалсан уу?
“Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан: Дубайн гэрээг 2015 онд байгуулж, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх механизмыг зохицуулж өгсөн юм. Гадаадын зээлдүүлэгчдээс нийт 4.6 тэрбум төгрөгийн зээл авч, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг.
Засгийн газартай хийсэн хэлэлцээр буюу 2.4 тэрбум долларын өр тэглэсэнтэй холбоотой Дубайн гэрээг цуцалсан ч, манай талаас тухайн гэрээг хүчин төгөлдөр бус, нөгөө талаас тухайн гэрээг хэрэгжээд дуусгавар болсон гэх харилцан адилгүй ойлголттой байна. Харилцан адилгүй ойлголтоос үүдэлтэй Оюу толгой дээр өр зээлийн асуудал хэвээр байгаа. Маргаанууд үргэлжилж л байгаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 2021 оны 12 дугаар сарын 31-нд УИХ-ын 103 дугаар тогтоол батлагдаж байсан. Нэг ёсондоо УИХ-аас Засгийн газар луу 2.3 тэрбум доллар чиглэх, далд уурхайн бүтээн байгуулалт дээр хөндлөнгийн аудит хийх гэх мэтчилэн заалтуудыг тусгаж, Засгийн газарт чиглэл өгч байсан. Энэ тогтоо батлагдсанаас хойш, даруй дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байгаа юм. Үүний хэрэгжилт дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Ингэж байж, Дубайн гэрээ, түүний хавсралтууд, эргээд манай улсад ямар эрсдэл дагуулж байгаа талаар илүү дэлгэрэнгүй тайлан сонсох ёстой.
Би Ерөнхий сайдад тавьсан асуултынхаа хариултыг дөнгөж сая авлаа. Дубайн гэрээг цуцалсны үр дагавар маш олон асуудал дээр холбоотой байгаа учраас Засгийн газраас маш нарийвчилсан тайлан авч, түүнийгээ УИХ дээр хэлэлцэж байж, Дубайн гэрээ үнэхээр цуцлагдсан эсэх асуултад хариулт өгнө. Хэрэгжилтийн тайлан харахгүйгээр, тийм, үгүй гэж хариулахад дэндүү комплекс байна.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Рио тинтогийн эзэмшиж байгаа талд буруу өгөхөөс илүүтэй, ямар компани ашгийн төлөө байдаг. Бид өөрсдөө хяналт тавих ёстой. Зөвхөн менежментийн зардал, Дубайн гэрээ гэдгээс гадна, бидний хяналт тавих ёстой, оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, дээрээс нь дахиад яагаад нэмэлт ажлуудыг зардал гаргаж аваад байгаа юм. Хяналт тавих үүрэг нь хэрэгжихгүй байгаа учраас л бид ингээд сууж байгаа юм. Гишүүн болоод нэгж болж байна. Оюу толгойн талаар мэдээллийг одоо л аваад явж байна.
-Оюу толгойг тойрсон олон асуудлын нэг нь татварын маргаан. Саяхан Лондонгийн арбитр маргааны нотлох баримтыг авсан талаар мэдээлэл бий. Рио тинто компанийн зүгээс татварын маргааныг хаая гэж санал тавьсан. Үүнийг манайх хуулиараа хүлээж авах ёсгүй юм билээ. Арбитрын маргаанд Монгол Улс ялах боломж байна уу? Хэрвээ ялагдвал татварын маргааны дундын дансанд байршуулсан 1.3 наяд төгрөгийг Засгийн газар иргэн бүрд тараагаад өгчихсөн. Ялагдах юм бол бид үүнийг төсвөөсөө төлнө. Ялах боломж байна уу?
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 2013 оноос хойш нийт 1.3 их наяд төгрөгийн татварын алданги, нөхөн торгууль тавьсан. Гурван сарын өмнө Австралийн сэтгүүлд 840 тэрбум төгрөгийн саналыг Рио тинтогийн зүгээс манай Засгийн газарт тавьсан гэж байна. Хэлцэл талаас нь аваад үзэх юм бол, хэрвээ нөгөө тал хариу үйлдэл үзүүлж байгаа бол монголын тал ялах магадлалтай л гэж харж байна. Дөрвөн жилийн өмнө Оксфордын их сургуульд Уул уурхайн менежментийн чиглэлээр долоон хоногийн курст сууж байсан. Түүн дээр уул уурхайн компаниудад, үндэстэн дамнасан корпорацын эсрэг татварын маргаан дээр зөвлөгөө өгдөг эксперт ирсэн юм. Түүний жишээ авсан гурван уурхайн нэг нь Оюу толгой байсан. Оюу толгой, Монголын Засгийн газар үндэстэн дамнасан корпорац дээр татварын маргаан үүсгээд хэрхэн амжилт олох жишээн дээр гарч ирдэг юм билээ. Тиймээс би Монголын татварын албыг үндэстэн дамнасан асуудал дээр сайн ажилладаг гэж боддог. Рио тинтогийн талаас ч гэсэн ялах магадлал байгаа болов уу гэж бодож байна.
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ АШИГГҮЙ ГЭДГИЙГ БҮГД МЭДНЭ. АШИГТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ 126 ГИШҮҮН АЖИЛЛАХ ЁСТОЙ
-Нэг компанид зориулж татварын хуулиа өөрчлөх шаардлагатай юу?
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Би ийм деталь юм яримааргүй байна. Яагаад гэхээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ маань цуцлагдах 2-3 факт үүссэн. Улс төрчид ерөнхий асуудлыг харах ёстой болохоос биш жижиг асуудлуудад хөтлөгдөөд л, гэрээний жижиг зүйл заалт руу ороод л байвал бид өөрсдөө хөтлөгдөж л тоглуулна. Манай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ авлигын хэлбэрээр байгуулагдсан бол цуцлагдах үндэслэлтэй. Маш олон фактуудыг гаргаж тавьдаг. Нью-Йоркийн шүүх авлигатай холбогдсон гэж үзээд тухайн хөрөнгүүдийг битүүмжилж байна шүү дээ. Улс төрчид эх орондоо ашигтай ямар шийдвэр гаргах ёстой вэ гэхээр, 34 хувийнхаа ногдол ашгийг одоо хүртэл бодитоор хүртээгүй. Зардлын аргаар идүүлээд л явж байна. Нэгэнт үүнийг ашиггүй гэрээ болсныг монголчууд бүгд мэдэж байгаа. Бид үүнийг яаж ашигтай болгох талаар ярих ёстой болохоос биш, энэ дотор байгаа жижиг зүйл заалтыг яриад хэрэггүй.