
Засгийн газар 2024-2028 онд хийх ажил дотроо 14 төслийг “Мега” хэмээн тодорхойлж, эдийн засгаа хөдөлгөн, суурь бүтээн байгуулалтууд хийгдэх “Мөрөөдлийн” гэмээр төлөвлөлт, төсвийг батлуулсан. Эдгээр төслүүдийг бодлогын түвшинд хариуцан хэрэгжүүлэх тусдаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаалыг сэргээн Л.Гантөмөрийг томилсон.
14 мега төслүүдийн өнөөгийн байдал ямар байгааг танилцуулья:
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих төсөл 868.6 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл боловсруулах ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын зураг төслийн групп” компани гэрээ байгуулан гүйцэтгэжээ. Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай энэ сарын эхээр хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Мөн Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтын төмөр замын барилгын ажил төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн дууссан бөгөөд хил холболтын ажлуудыг эхлүүлж байна.
- Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн судалгаа, холбогдох баримт бичгийн орчуулга хийгдэж буй бол
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэхээр болсон байна. БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас төслийн үнэлгээг хийж дууссан бөгөөд төмөр замын суурийн ажил, хүнд даацын автомашин өнгөрүүлэх гүүр, хоолой, кольц, техник засварын цехийн талбай болон байгаль орчин, археологи, палеонтологийн хайгуул судалгааны ажлууд мөнхүү хийгдэж дууссан байна. Зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын зарим ажлуудыг энэ онд дээрх хөнгөлөлттэй зээлийн 79.9 сая ам.доллароор хийхээр төлөвлөжээ.
- Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөг үнэлэх Орос-Монголын хамтарсан шинжээчдийн баг ажиллаж байна. Энэ баг дүгнэлтээ ирэх 2026 оны эхний хагаст гаргах бол “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр барих” төслийн хүрээнд Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, “Нарны цахилгаан станцын төсөл”-ийн төслийг өрсөлдөөнт худалдан авалтын аргаар зохион байгуулах талаар “Европын сэргээн босголтын банк”-тай хамтран ажиллаж байгаа юм. Нарны цахилгаан станцыг тархмал байдлаар байгуулах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд нийт бүс нутагт хэрэгжүүлэхэд дамжуулах сүлжээ ямар байх талаар “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит компани судалгаа хийж байгаа бол
- Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой дулааны цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийг байгуулсан байна. Тус компани төслийн техник эдийн засгийн үндэслэл холбогдох судалгаа тооцоолол, зөвшөөрөл, техникийн нөхцөл, газар эзэмших эрх авах зэрэг бэлтгэл ажлуудыг хангаад байгаа бөгөөд эхний ээлжинд 300МВт-аар төслийн барилга угсралт, санхүүжилтийг шийдвэрлэхээр Засгийн газар тогтоод байгаа юм.
- Тавантолгойн үйлдвэр технологийн парк-Тавантолгой кокс химийн цогцолбор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2.7 их наяд төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн байгуулахаар төлөвлөсөн бол Багануурын үйлдвэр технологийн парк-Нүүрс химийн “Хөх нүүрс” цогцолборын төслийг Нялга-Чойрын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар төлөвлөж, “Хөх нүүрсний үйлдвэр”-ийн эхний шатыг 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм.
- Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк болон зэс боловсруулах үйлдвэр төслийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн эх үүсвэрийн судалгааг хийхээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд энэ зургадугаар сард багтаан ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах юм.
- Дарханы үйлдвэр технологийн парк-Дарханы төмөрлөгийн үйлдвэр төслийн хүрээнд нойтон баяжуулах болон хорголжийн үйлдвэр, ширэм хайлах, ган хийцлэлийн үйлдвэрүүдийг тус тус байгуулах бөгөөд энэхүү гангийн цогцолборыг байгуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамаарах валютын гадагшлах урсгалыг хязгаарлаж, зарим төрлийн эцсийн бүтээгдэхүүнээс экспортын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар газрын асуудлыг шийдвэрлэж, төслийн техник, технологийн шийдэл, бүтээн байгуулалтын бэлэн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг судалж байна.
- Алт цэвэршүүлэх үйлдвэр төслийг хэрэгжүүлснээр газрын хэвлий доорх алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ.
- Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих төслийн нийт төсөв 2.7 их наяд төгрөг болох ба үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн байна. “Хэрлэн-Тооно” төслийн судалгааг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд хийсэн бол “Орхон-Онги” төслийн хүрээнд Орхон гол-Мандал-Овоо (Улаан нуур) чиглэлд 307 км, Мандал-Овоо-Тавантолгой чиглэлд 202 км ус дамжуулах хоолой барихад нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдаж буй юм.
- Монгол-Францын хамтарсан “Уран олборлох” төслийг Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Засгийн газрын 1.6 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд энэ 2025 онд 95.8 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Төсөл хэрэгжих Зөөвч-Овоо ураны ордод газар дор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтаар нийт 10.5 тонн цэвэр уран бүхий 27.5 тонн шар нунтаг олборлоод байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны нэгдүгээр сард Зөөвч-Овоо болон Дулаан-Уул ордуудын ТЭЗҮ-ийг хэлэлцэн баталж, Засгийн газар Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, үндсэн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг 2025 оны эхний хагасаас эхлүүлэхээр ажиллаж байна.
- Газрын тос боловсруулах цогцолбор байгуулах төслийн /Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт 2.0 тэрбум ам.долларын төсөвтэй/ хэрэгжилт 25.7 хувьтай байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багц ажил болгон хуваарилсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын байдлаар нэгдүгээр багц буюу технологийн бус байгууламжуудын EPC 01 ажил бүрэн дууссан, дэд бүтэц, технологийн байгууламжуудын барилга угсралтын EPC 2-3 багц ажлууд хэрэгжих шатандаа байсан бол сүүлийн багц ажил буюу гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудыг барьж байгуулах EPC 4 ажил зураг төслийн шатандаа явж байна. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК энэ оны хоёрдугаар сард EPC 04 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч, Энэтхэгийн Megha Engineering and Infrastructures Ltd компани гэрээ байгуулаад байна.
- Мега төслүүдийн 14 дэх буюу Үндэсний хиймэл дагуул төслийг улсын төсөв болон БНФУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд 1.1 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. Үндэсний хиймэл дагуулыг 2027 онд бүтээж дуусган, сансарт 36000 км-т хөөргөхөөр Засгийн газар төлөвлөж буй бөгөөд ингэснээр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ бий болж, бүх төрлийн интернэт суурьтай харилцаа холбооны боломж бүрдэх юм.
Засгийн газар эдгээр 14 төслийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулан төлөвлөгөө гаргах үед нүүрс үнэтэй, экспорт сайн, алт, зэсийн үнэ ч боломжийн байсан гээд Монгол Улсын төдийгүй дэлхийн эдийн засагт “Нар” туссан цаг хугацаанд байсан. Гэвч дэлхийн эдийн засаг хурдтай өөрчлөгдөж, өндөр өсөлттэй байхаар мэргэжлийн байгууллагуудын төсөөллийн тоо хэдийнэ өөрчлөгдсөн.
Харин манай засгийн газар 2 жилийн өмнөх тооцоо, тоотойгоо зууралдаж, эдийн засгаа өсгөх мөрөөлийн жагсаалттайгаа байгаа нь эсрэгээрээ “хөмрөх” вий гэсэн айдас аль хэдийнэ үүссэн. УИХ-ын гишүүдийн зүгээс ч эдийн засгийн нөхцөл байдлаа мэдэрч, 14 төслөө чухлыг нь эрэмбэлж хэрэгжүүлэх нь зөв гэсэн санааг ч хэлж эхэллээ.