
Энэ хаврын чуулганаар татварын суурь өөрчлөлтүүдийг хийнэ гэж Сангийн сайд ам гарсан. Тэгвэл өнгөрсөн хоёр жил Төсвийн байнгын хороонд төсөв, татварын томоохон дата, судалгаан дээр ажиллаж даргын албыг хашиж байсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс татварын тогтолцоо, эрх зүйн орчинг сууриар нь шинэчлэх боломж байгаа эсэх талаар ярилцлаа.
ТАТВАРЫН ХУУЛИАС ГАДУУР 800 ГАРУЙ ТӨЛБӨР ХУРААМЖ БАЙНА
Байнгын хороонд байх үедээ хийсэн гол судалгааны ажил бол татварын суурь шинэчлэлтийн судалгаа. Бизнес, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгоны хувьд хамгийн том толгойны өвчин нь татвар. Судалгаанд оролцогчдын 56 хувь нь татварын ачаалал дарамт их байна гэж үзсэн. Мөн 75 хувь нь татварын тогтолцоог өөрчилж, зөв зохистой төлж чадахуйц хэмжээний татварын эрх зүйн орчинг бий болгооч ээ гэж байгаа юм. Татварын ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаа 30 татвар, төлбөр хураамж бий. Татварыг хуулиар тогтоох ёстой. Гэтэл үүнээс гадна зохицуулах хороод болон агентлаг, нийслэл, аймаг, дүүргүүдийн журмаар бий болгосон 800 гаруй татвар шиг үйлчилдэг, татвараас өндөр ачаалалтай үйлчилгээний хөлс, шимтгэл, төлбөр, хураамж байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ татварын хууль мөрдөгдөхгүй, татварын хувь хэмжээ болоод тогтолцоо нь өөрөө буруу байна гэсэн үг. Төрөөс хэрэгжүүлж байгаа НДШ, татварын хувь хэмжээ, төрөл зүйлтэй холбоотой асуудлуудаа эргэж харж сууриар нь том өөрчлөлт хийхгүй бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн, идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 70 мянган ААН, байгууллагууд цаашлаад Монгол улсын эдийн засаг энэ төсөв болон татварын ачаалал, дарамтыг дийлж авч явах боломжгүй болсон дүр зураг харагдаж байна.
Хувь хүнийхээ үүднээс жил гаруй хугацаанд хийсэн судалгаан дээрээсээ үндэслээд “Нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих татварын бодлогын тухай хууль” гэдэг хуулийн төслийг бэлдсэн байгаа. Анзаарвал бүх татварын харилцаа Татварын ерөнхий хуулиар зохицуулагддаг. Гэтэл Татварын ерөнхий хууль өөрөө “Хүнээс яаж татвар авах вэ, хэдэн төрлийн татвар байх вэ, хувь хэмжээ нь юу байх вэ” гэдэгт л төвлөрч байна. Тэрнээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийг татварын бодлогоор хөгжүүлэх татварын бодлогын ерөнхий хууль байхгүй байгаа юм.
ШУУД ТАТВАРЫН ТОГТОЛЦООГ ШУУД БУС ТАТВАРЫН ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ ачаалалтай байгаад байгаа шууд татварын тогтолцоо буюу хувь хүн , байгууллагын үйл ажиллагаанаас ХХОАТ, татвар, НӨАТ, НДШ төлж байгаа. Энэ бол ажил хөдөлмөр эрхэлсэн хүн болгон шууд татварын тогтолцоонд дарлуулж байна аа гэсэн үг болчхож байгаа юм. Тэгэхээр энэ шууд татварын тогтолцоог шууд бус татварын тогтолцоо руу шилжүүлье ээ. 6-8 жилийн дотор энэ шилжилтийн процессыг хийе. Шууд татварын тогтолцоог орлуулах шууд бус татварын тогтолцоог оруулж ирье. Нэг жилд нь магадгүй орлогын албан татварыг 4-5 хувиар бууруулъя. Оронд нь сахрын татварыг 4-5 хувиар нэмэгдүүлж болж байна. Дараагийн жил нь НДШ-ийг ч гэдэг юм уу . Магадгүй буцаан олголтыг 70-80 хувиар нэмэгдүүлдэг байя. Айл өрхийн гишүүдийн 50-аас дээш хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, НДШ төлдөг, татвар төлдөг нийгэмдээ үнэ цэнтэй, байр суурьтай өрхөд жишээ нь НДШ-ийг нь буцаан олгодог урамшуулдаг ийм тогтолцоог бид нар хийж өгье. Сахрын татварыг жишээ нь нэмье гэдэг чинь бол болж байна шүү дээ. Сахар гэдэг бол жишээ нь татварынхаа бодлогоор бид нар нийгэм эдийн засгаа зохицуулж болно. Эдийн засгийн хөшүүрэг болгож ашиглаж болно оо гэдгийн бодит илэрхийлэл байхгүй юу. Мөн үүгээрээ хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа ийм бодит хэлбэр байгаад байна. Шууд үйл ажиллагаан дээрээс нь авч байгаа татварын тогтолцоог бууруулаад шууд бус татварын тогтолцоо буюу магадгүй зарим тансаг хэрэглээ ч гэдэг юм уу. Хүн хэрэглээгээ заримдаа зохицуулж болно шүү дээ. Зарим тохиолдолд магадгүй Lexus унадаг эсвэл өндөр үнэтэй хэрэглээтэй машин техник унадаг хоёр, гурван байшинтай ийм хүмүүс тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийж болж байгаа юм.
Нэг жишээ дурдая. Миний таньдаг нэг залуу байна. Сүүлийн 10,20 жил ажил хөдөлмөр эрхлээгүй. Гэтэл өнөөдөр байгаа манай татварын тогтолцоо юу болох вэ гэхээр тэр хүн хөдөлмөр эрхлэхгүйгээр 10, 20 байраа түрээслээд бусдаас төлбөр хураамж аваад амьдрах боломж бололцоог нь бүрдүүлээд байна. Энэ бол нөгөө талдаа эдийн засагт хамгийн идэвхгүй өмч хөрөнгийг бий болгоод байгаа юм.
Энэ өмч хөрөнгө эдийн засаг, өөр салбарт хөрөнгө оруулалт болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, дэлгүүр хоршоо болоод эдийн засгийн идэвхжүүлж байвал сайн. Жишээ нь Япон Сингапур ч гэдэг юм уу бусад өөр өндөр хөгжилтэй улс орнуудад юу болдог вэ гэхээр өв залгамжлалын татварууд, үл хөдлөхийн татварууд өөрөө өндөр байдаг. Хүний хэрэгцээнд байх ёстой гурван байшин барилгаас дээш дөрөв, тав дахь барилгууд 100 200 хувийн татвартай ч гэдэг юм уу. Ингээд эдийн засгаа идэвхжүүлдэг тогтолцоо байна аа. Тэгэхээр бид нар татварынхаа бодлогоор эдийн засгаа идэвхжүүлье. Татварын таатай орчныг бүрдүүлье. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ илүү дэмждэг байя. Нөгөө халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын тогтолцоо маань энэ рүү шилжих ёстой гэж харж байгаа. Нөгөө талдаа энэ бол орлогын дахин хуваарилалтын асуудал болж таарна.