
Сэлбэ дэд төвд нийт 10000 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нээсэн. Уг тендерийн нөхцөл шаардлагатай холбоотойгоор Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендерт Монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон гэх асуудлыг хөндлөө.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар:
“Яагаад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ийм том дүнгээр тендер зарлав гэдгийг маш сайн анхаараарай. Тендерт ганц ч Монгол компани ороогүй. Гайхаад тендерийнх нь материалыг сонирхоод үзэхэд Монгол компанийн санхүүгийн чадавх яагаад ч хүрэхээргүй тийм өндөр шалгуур тавьсан байгаа юм. 450 тэрбумаар нэг багц тендер зарлачхаж байна шүү дээ. Тендерийн шаардлага нэг жилийн борлуулалтын орлого нь 30 хувь гэхээр 136 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой Монгол компани байхгүй. Байсан бол ийм гоё тендерт оролцоно шүү дээ. 830 гаруй тэрбум төгрөг буюу их наяд төгрөгийн ажлыг Монгол компаниуд хийх боломжийг хаасан ийм тендер зарлаад нээчихсэн одоо шалгаруулах гээд явж байна. Нийтдээ Монгол Улсад тусгай зөвшөөрөл бүхий энэ энгийн хийцлэлтэй есөн давхар, 12 давхар барилгыг барих чадамж бүхий таван мянган тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байна. Таван мянгуулаа нийлээд ч орж чадсангүй ээ. Нийслэлийн иргэдийн татварын орлогыг барьцаалж 500 сая долларын бонд босгосон. Энэ мөнгө ингээд Хятад улс руу урсах нь. Та нар tender.gov.mn рүү ороод хараарай. Нэг дээр нь есөн Хятад компани орсон байгаа. Нөгөө дээр нь зургаан Хятад компани орсон байгаа. Хятад компаниуд орж ирлээ. Ажилчдаа гаднаас аваад ирнэ. Тоног төхөөрөмжөө аваад ирнэ. Монголоос элс, ус, хайрга гурав л авах болов уу даа. Урьдчилгаа төлбөр олгоно гэж байгаа юм. Урьдчилгаа төлбөр олгоно гэдэг нь тендерт шалгарсан компанид “май барилгаа барь” гээд 30 хувийн мөнгийг нь өгнө гэсэн үг. 450 тэрбумын тендерт ялчихсан компанид 150 тэрбум төгрөг май гээд өгөх гэж байна шүү дээ. Энэ Монгол компаниудад олддоггүй алтан боломж байхгүй юу. Бид нарыг банкны савраас салгах заалт ганцхан үүгээр хаагддаг. За ингээд гадаадынхандаа 30 хувиа өгөх нь ээ. Бид нарт алданги гээд 0.5 хувь тавьчихдаг юм. Энэ тендер бол 0 хувь гээд тавьчихсан байгаа. Энэ гадаадын компаниуд ямар нэгэн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 450 тэрбум төгрөгөөс нь алданги тооцохгүй юм байна. Маш гоё нөхцөл. Үүнийг Монгол компаниуд хүсээд олддоггүй. Мөн энэ ажлуудыг хийхийн тулд импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, барилгыг барихад хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг бүгдийг нь гаалийн татвараас чөлөөлнө өө гэсэн ийм мэдээлэл явж байгаа юм. 20 минутын хотыг 15 хятад компани барих нь ээ. Энэ компаниуд барьчхаад баяртай сайхан байлаа гээд гараад явчихна гэж та бүхэн бодож байна уу? Тийм юм байхгүй. Энэ компаниуд нутагшиж үлдэнэ. Монголын зах зээл дээр Монголын барилгачдын орон зайг хааж Монгол ажилчдын хоолноос хумсалж үлдэнэ. Хумслах ч биш энэ халбага сэрээгээр, том томоор авна. Метро барихаар 15 хятад компани ороод ирсэн бол бид нар юу ч дуугарахгүй яагаад гэвэл бид барьж үзээгүй учраас. Цутгамал 9, 12 давхарыг бид чөлөөтэй барина. Энийг боломжийг маань хангаач ээ гэдэг асуудлаар бид ярьж байгаа юм шүү.”
Монголын барилгачдын нэгдсэн холбооноос төрийн өндөрлөгүүдэд доорх шаардлага хүргүүлж байгаа юм.
“Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намуудаас Үндэсний үйлдвэрлэл, үндэсний аж ахуй нэгжийг төрийн бүхий л шатанд дэмжих талаар үе үеийн мөрийн хөтөлбөр,төрийн бодлого, үзэл баримтлалд тусгасан мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гаргасан байдаг боловч бодит нөхцөл байдалд хэрэгждэггүй, хий хоосон амлалт, баримт бичиг болсоор ирсэн нь ард түмэн, аж ахуй нэгжүүдэд илэрхий болоод байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж, 2025.04.23-ны өдөр нээсэн “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендер”-т Монголын барилгын салбараас нэг ч Монгол компани оролцох нөхцөл боломж байсангүй.
Монгол Улсын үндэсний аж ахуй нэгж , компани оролцоогүй шалтгаан нь хэт өндөр дүнтэй буюу I багц 373.6 тэрбум, II багц 453.4 тэрбум төгрөгийн үнэтэй зарласан бөгөөд тендерт оролцогчдод тавьсан санхүүгийн шалгуур үзүүлэлт хэт өндөр байснаас түүнийг хангах Монгол компани байгаагүй гэж бид үзэж байна. ТШЗ 18.1 Санхүүгийн чадавхын шаардлага. Борлууллалтын орлогын хэмжээ: 1.Сүүлийн таван жилийн хугацаанд аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. 2.Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Энэ нь II багцын хувьд 136 тэрбум төгрөг болж байна.
Гэр хорооллыг барилгажуулах төсөлд Монгол комданиуд бид оролцох туйлын их хүсэлтэй байсан ба олон компаниуд нэгдэж нийлээд орох боломж хайсан боловч санхүүгийн шалгуурыг давж чадсангүй. Тухайн төслийн шалгуур үзүүлэлт Монгол компаниудад зориулагдаагүй, Монгол аж ахуй нэгжүүдийг анхнаасаа оруулах зорилгогүй баримт боловсруулсан мэт харагдаж байна. Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендер багц бөгөөд нийтдээ 827,1 тэрбум төгрөгийн ажлыг Монгол компаниуд гүйцэтгэх боломжгүй байна.
Тендерийг зарлахдаа бүхэл том дүнгээр биш 40-50 тэрбум төгрөгт хуваан хэсэгчлэн зарласан тохиолдолд дотоодын комданиуд өргөнөөр оролцох боломжтой байсан. Тус төслийн барилга байгууламж энгийн хийц бүхий 9 болон 12 давхар барилга байгууламж бөгөөд дотоодын компаниуд гүйцэтгэх бүрэн чадамжтай болохыг мэдэгдэж байна.”
Энэ асуудлаар “20 минутын хот” бодлогын хүрээнд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн бүтээн байгууллалтын гол оролцогчдын нэг болох Сэлбэ хорин минутын хот корпораци ХХК-ийн захирал Э.Одонтуяагаас тодрууллаа.
“Энэ бол маш том төсөл.120 блок барилга баригдана. Үүнийг жижиглэж 120 компанид хариуцуулан өгвөл стандарт алдагдаж хяналт тавихад хэцүү болно. Тэр том талбай дээр олон компанийн машин механизм, техник хэрэгсэл холхилдох учир маш зохион байгуулалтгүй байдал үүснэ. Тиймээс хорооллоор нь нэг багц болгон зарласан байгаа. Бидэнд ч мөн хөрөнгөө Монголдоо авч үлдэх хүсэл зорилго бий. Гүйцэтгэгчээр шалгарсан компанитайгаа ажлын явцад Монголоос лифт, хайрга, цемент, шохой гэх мэт зүйлсийг заавал ашиглана гэж аль болох мөнгөө дотооддоо эргэлдүүлэх заалтуудыг гэрээндээ тусгаж оруулсан. Яагаад тендерээ олон улсын тендерээр зарласан бэ гэвэл Тендерийн тухай хуульдаа 30 тэрбумаас дээш дүнтэй бүтээн байгуулалтын тендерийг олон улсад зарлах эрхтэй гэж заасан байдаг. Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер нээгдээд тав хонож байна. Одоогоор 15 Хятад компани хүсэлтэй явуулсан ч манай улсын болон өөр олон улсын компаниуд оролцох бүрэн эрхтэй. Энэ асуудлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газар мэднэ, шийднэ. Манай компанийн хувьд барилгажилтын компанийг бэлэн байлгах, зураг төсөл, техникийн тодорхойлолтуудыг нь бэлдэж өгөх гэх мэт захиалагчийн хяналтын үүргийг гүйцэтгэдэг.”
Ямар тогтоол журмыг үндэслэн Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих I, II багцыг ийм өндөр дүнтэйгээр зарласан талаар тодруулахаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай удаа дараа холбоо барихыг оролдож, ярилцах хүсэлт тавьсан боловч “Завтай болохоороо яриа өгье” гэсэн хариуг өгсөн юм.