
Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр төв талбайн асарт эхэллээ. “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулж байна.
Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст энэхүү спортыг сурталчлан таниулах, өвлүүлэх юм. Тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114, нийт 171 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС