
Д.Трамп оросууд Украиныг бүхлээр нь эзлээгүй нь өөрөө том буулт юм гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стеретэй хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ОХУ дайныг дуусгахын тулд буулт хийхэд бэлэн байгаа тухай мэдэгджээ. Тэрээр ОХУ энхийг тогтоохын тулд дайныг дуусгаж, Украин улсын газар нутгийг бүхлээр нь эзлэхээс татгалзаж байгаа нь өөрөө том буулт юм хэмээн онцолсон байна.
Мөн түүнчлэн Д.Трамп ОХУ Крымийн хойгийг ямар ч дайн тулаангүйгээр улсдаа нэгтгэж чадсан учраас Киевт Крымийн хойгийг эргүүлэн авах хүндрэлтэй байх болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн пүрэв гарагийн шөнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотоос гадна 8 мужид пуужингийн болон дроны цохилт үзүүлсэн байна.
Зөвхөн Киевт л гэхэд Оросын агаарын цохилтын улмаас 8 хүн амь үрэгдэж, 90 хүн шархаджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын агаарын цохилтыг буруушааж, өөрийн нийгмийн сүлжээндээ, “Би ОХУ-ын цохилтод сэтгэл дундуур байна. Ингэх шаардлага байхгүй байсан юм, цагаа олоогүй үйлдэл гэж харж байна. Владимир (Путин), зогс! Долоо хоног тутам цэргүүд 5000-гаараа амь үрэгдэж байна. Энхийн гэрээгээ хийцгээе! ” хэмээн бичжээ.
Нөгөө талаас ОХУ-ын Батлан хамгаалахын яам пүрэв гарагийн шөнө Украины цэргийн объектуудад амжилттай цохилт үзүүлсэн тухайгаа мэдэгджээ.