
Өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Тулга оролцлоо. Түүнтэй боомтын сэргэлт, МАХН-ын гишүүн байсан талаар болон сонгуулийн хандивтай холбоотой асуудлаар ярилцлаа.
-Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ямар ажлууд хийв? Боомтууд яаж сэргэв?
-Боомтын сэргэлтийг маш богино хугацаанд тоогоор илэрхийл гэвэл бидний гадаад улстай хийж байгаа худалдааны тоо хэмжээгээр шууд илэрхийлэгдэнэ. Монгол Улсын гадаадад худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг аваад үзэх юм бол ихэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн байгаа. 2019 онд ковидын өмнө Монгол Улс жилдээ 34-35 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-руу худалдаж байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 19-20-руу унасан. 2022 оноос хойш 2023,2024 оны хугацаанд тасралтгүй дээшээ өссөн. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх бодлого, боомтын сэргэлтийн бодлогын үр дүн гэж шууд харж болно. Бидний Хятад улс руу зарж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 35- 83 сая болтол өссөн нь боомтын сэргэлтийн бодлогын эхний үр дүн гарч буй хэрэг. Ковидын үед бол дахиад унаж, 20-22 руу орж ирсэн. Тэгэхээр 3-4 дахин нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан гэсэн үг. Энэ хэмжээгээрээ зарж борлуулахад буюу худалдаа хийхэд дэд бүтцийн чадвартай болсон. Боомтууд дээр ажиллаж байгаа хил хяналтын байгууллага, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгө оруулалт, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар энэ дэд бүтцүүд сайжирсан гэсэн үг.
Үүнийг тоогоор илэрхийлэхэд дундажлаж хэлэхээс биш боомт тус бүр өөрийн онцлогтой. 2023 оны дөрвөн сард би ажлаа авсан. 2023 оноос хойш аваад үзэх юм бол тэнд эхлүүлж байсан ажлыг богино хугацаанд дуусгах, дуусгасан боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, дээр нь зөвхөн боомтын бүтээн байгуулалт, төлөвлөлт, боомт руу тавигдсан дэд бүтэц улсын хөрөнгө оруулалтаас гадна, гадна дотны буцалтгүй тусламж, зээл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулах нөхцөл байдлыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажиллаж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар бүрэн ашиглалтад орсон боомтууд нэрлэх юм бол Увс аймгийн Боршой боомт бүрэн ашиглалтад орсон, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дээр бол бүтээн байгуулалт явагдсан. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил одоо зургаан сард дуусахаар явж байна. Хэсэгчлээд нээсэн үйл ажиллагаа нь явж байгаа. Зургаан сард нээнэ гэсэн байдлаар тэр боомтыг барьж байгуулж байгаа ААН-үүдтэй эцсийн байдлаар тохироод шахаад ажиллаж байна. Ажлын явц 80-90 хувьтай болсон байгаа. Бичигтийн боомтын үйл ажиллагаа харьцангуй удаашралттай байгаа. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Үүн дээр төлөвлөлт, уялдуулах ажлыг хийж байна гэсэн үг. Замын-Үүд боомтыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулсан. Замын-Үүд боомтын хүчин чадал өмнө байснаасаа гарц бүрээр өөр өөр байгаа. 3-6 дахин нэмэгдсэн. Энэ нь түүгээр худалдаа хийж байгаа, түүгээр дамжуулж зорчиж байгаа иргэдийн хувьд маш амар болсон.
НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭЖ, БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
-Нарансэвстэйн боомтыг нээвэл Говийн их дархан цаазат газраа яаж хамгаалах вэ? Энэ боомтоор яг юу зөөх гээд байгаа вэ?
-Баруун бүсэд байгаа иргэд маань богино зайг туулж худалдаагаа хийдэг. Өөрсдийн үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэд хүргэж зарж чаддаг, амьдрал нь сайжирдаг, баруун бүсийн хөгжил дээшилдэг байх нь нэгдүгээрт чухал. Хоёрдугаарт тусгай хамгаалалт авсан газрын хамгаалалтын менежментийг сайжруулах нь чухал. Энэ хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Яагаад харин зөрчилдүүлж маргаад байгаа дээр бүгд бодох ёстой. Боомт нээх, тусгай хамгаалалттай газар хоёр зөв хийвэл ямар ч зөрчилдөөн гарахгүй. Өнөөдрийн байдлаар нэг ч уурхай тэнд байхгүй хэр нь хараа хяналт тавих боломжгүй учраас хууль бусаар, гар аргаар үйл ажиллагаа явуулаад байна. Нийтдээ 38 цэг дээр гар олборлолт хийсэн байна. Зам байхгүй учраас хяналт тавьж чадахгүй байгаад байна. Байгаль хамгаална гэдэг нь зам тавих асуудал. Замгүй бол дуртай газраараа яваад эвдээд байна. Манай боомтын сэргээлтийн үндэсний хорооноос ЗГ-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр дотор манайхаас оруулсан саналын нэг. Энэ анх яригдаж байгаа зүйл биш.
-Та МАХН-ын гишүүн байсан. 2021 онд танайх МАН-д дагаар орсон. Оронд нь та болон танай намын даргын хүү албан тушаалтай болсон. Танай намын бусад гишүүд албан тушаалын “бялуу” хүртсэн үү?
-МАХН бол 100 жилийн түүхтэй. Монгол Улсыг өнөөдрийн хөгжлийн түвшинд авчирсан нам. МАХН 2021 онд МАН-тай нэгдсэн. Таны хэлсэн дагаар орсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хоёр намын удирдлагууд тухайн үедээ яриад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад, МАХН-ын их хурал, бага хурал, удирдах зөвлөл аль аль нь хуралдаад энэ хоёр нам нийлж үйл ажиллагаа явуулья гээд шийдвэр гаргасан юм. 2021 оноос хойш дөрөв дэх жилдээ хамтраад ажиллаж байна. Одоо бол нэг нам болсон. Түүхэндээ бол 10 жил тусдаа явсан. 10 жил салсан замналыг та бүхэн санах ёстой. Нам ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр улс орны хөгжлийн төлөө тодорхой мөрийн хөтөлбөрүүд, зорилтуудыг дэвшүүлэх ёстой. МАХН-ын зорилт байгалийн баялгийг иргэддээ өгөх, өөрөөр хэлбэл том уурхайнууд лиценз хэлбэрээр дамжаад гадна дотнынхонд эзэмшүүлээд байгаагийн ашиг нь иргэдэд наалдахгүй байна. Үүнийг бий болгоё гэсэн зорилго дээр МАН, МАХН нэгдэж чадсан. Тийм учраас өнөөдөр Баялагийн сангийн тухай яриад, стратегийн ордуудын хувийг Баялагийн сандаа төвлөрүүлж ирээдүйн, одоогийн, өмнөх ахмад үе гээд бүх иргэддээ жигд хүртээх тухай асуудал ярьж байна. 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд хүргэх асуудлыг авч хэлэлцэж байсан. Шүүх хуулийн байгууллагын завхайрлыг засах тухай асуудлыг оруулж ирж байсан. Ингэж нэгдсэн учраас энэ зорилгынхоо төлөө хамтраад ажиллаж байгаа. Бид салангид байхдаа хүч тарамдаж байсан. Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьдаа авах, Монголросцветметийг хувьдаа авах ийм зүйлүүд энэ хооронд явагдсан учраас үүнийг таслан зогсоохын тулд бид эвлэж нэгдсэн. Албан тушаалыг би бялуу гэж ойлгохгүй байна. МАН-ын боловсон хүчин дээр ороод олон хүмүүс ажил хийгээд явж байгаа. Үүн дээр ямар нэгэн гомдол байхгүй. Э.Батшугар гишүүний хувьд тэр үед ямар нэгэн байдлаар Н.Энхбаяр гишүүний нөмөр нөөлгөөр УИХ-ын гишүүний эрхээ олж аваагүй. Тухайн үед СХД-ийн тойрог дээр урьд нь хоёр удаа нэр дэвшсэн. Үүнийг тогтоохын тулд хэд хэдэн судалгааны байгууллагын судалгааг авч үзээд хамгийн ялах магадлалтай гишүүнээ нэр дэвшүүлсэн. Энэ шугамаар Э.Батшугар гишүүн болсон. Жирийн хүмүүс харахдаа Энхбаярын хүүхэд боллоо гэж ярьж байх шиг байна. Үүн дээр ойлгомжтой хэлэхэд Батшугарын рейтинг өндөр байсан учраас гишүүн болсон.
-МАХН 2020 онд өрх бүрд орон сууц өгнө гэж амлаж, олон хүн бүртгэж байсан. Энэ амлалтаа одоо хэрэгжүүлэх үү?
-Хувийн хэвшлийг ажилтай байлгахын тулд, зорилготой болгохын тулд иргэдээ нэг зүг рүү харуулах ёстой. Бидний бухимдаад байгаа асуудлын үндэс нь гэр хороолол. Улс том төслүүдээ зоригтой зарлах ёстой. Бид орон сууцанд ороогүй өрх бүрийг орон сууцжуулъя. Ингэхдээ зөвхөн Улаанбаатарт биш найман цэгт орон сууцны төв барья гэдэг зоригтой шийдвэр гаргасан. Энэ хүрээндээ нэг аймагт 50 мянган орон сууц барих ёстой юм байна гэдэг тооцоо гаргасан. Тэр үед МАХН-ыг сонгооч, сонгогдвол эрхийн бичиг хүчинтэй болно гэсэн бичиг бий.
ОРОН СУУЦЖУУЛАХ АЖИЛ ОЛОН ӨӨР ХЭЛБЭРЭЭР ЗАДРААД ЯВЖ БАЙГАА
-Одоо нам нь байхгүй болоод өөр намын халаасанд орчихоор энэ ажил хэрэгжих үү?
-Энэ ажил олон өөр хэлбэрээр задраад явж байгаа. Ипотекийн зээлийн хэлбэр, түрээсийн төрлөөр гэх мэт. Энэ хэрэгцээгээ нэмэгдүүлэх шаардлага байгаа. Гэвч эрчим хүч, дулаан дээр гацаж байна. -40 хэмийн хүйтэнд гадаа 00-д бие засаж байгаа иргэдээ орон сууцанд оруулах нь төрийн зорилго
-Та MCS группээс хандив авсан болохоор Ухаа худаг ордын 34-51 хувийг төрд авахыг дэмжих үү?
Энэ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг биелүүлэх тухай асуудал. Таны яриад байгаа ЗГ-аас тогтоосон ажлын хэсэгт би байгаа. Үүн дээр MCS компани, ААН-үүд эмзэглэх, маргаад байх асуудал биш. Монгол улсын хуулиар стратегийн орд 2007 онд батлагдсан ордууд 34 хувиа, зарим тохиолдолд 50 хувиа төрд буюу баялгийн сангаа бүрдүүлэх ёстой. Харамсалтай нь эргээд харсан чинь зарим ордууд тухайн үед гаргасан шийдвэрүүд зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг тогтоох ёстой юм байна. Яагаад гэвэл энэ стратегийн орд байгаа мөртөө тодорхой хувиа өгөөгүй байна.