
Ромын Католик сүмийн кардиналууд Пап лам Францисын оршуулах ёслолыг ирэх бямба гарагт Гэгээн Петрийн талбайд зохион байгуулахаар болсон талаар Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Пап лам Францис өнгөрсөн даваа гарагийн өглөө тархины цус харвалт болон зүрхний дутагдлын улмаас 88 насандаа таалал төгссөн юм. Тэрээр энэ оны эхээр хоёр уушгины хатгалгаа оноштойгоор эмнэлэгт 5 долоо хоног хэвтэн эмчлүүлсэн билээ.
Пап лам Францисын шарилыг энэ лхагва гарагийн өглөө 9 цагт Санта Марта өргөөнөөс зөөвөрлөн, Гэгээн Петрийн сүмд олон нийтийн хүндэтгэлд зориулан байршуулах аж.
Түүнийг оршуулах ёслол 16-р зуунд баригдсан Гэгээн Петрийн цогчин дуганы өмнөх Гэгээн Петрийн талбайд ирэх бямба гарагт өглөөний 10 цагт болох ба оршуулах ёслолыг кардиналуудын зөвлөлийн тэргүүн 91 настай кардинал Жованни Баттиста Ре ахлах аж. Пап лам Францисын оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп гэргийн хамт мөн Франц, Бразил, Герман, Польш, Украин, Аргентин, Их Британийн төрийн тэргүүнүүд, Европын холбооны зөвлөлийн гишүүд болон Бельгийн хаан хатан хоёр оролцохоо мэдэгджээ.