
Монгол Улс бол ноолуурын орон. Дэлхийн ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг Монгол Улс болон БНХАУ нийлүүлдэг. Цаг уур, удамшил, ноолуур хураах арга барилаас шалтгаалан хоорондоо ялгаатай ч Монгол ноолуур илүү урт ширхэгтэй, бохирдол бага, нэг ямаанаас гарах өгөөж ихээс гадна байгалиасаа олон өнгөтэй тул өнгө оруулагч будаг хэрэглэх шаардлагагүй аж.
Харин ноолуурын экспортын дийлэнх хувь нь угаасан ноолуур гаргаж байгаа бол сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж байгаа нь маш бага хувийг эзэлдэг. Гэтэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа гол түүхий эдүүд болох
- нүүрс 1 тонн нь 300 ам.доллар,
- зэс 1 тонн нь 8000 ам.доллар байгаа бол
- 1 тонн самнаж боловсруулсан ноолуур 100.000 ам.долларын үнэтэй байдаг.
Иймд Монгол Улсын үнэмлэхүй давуу тал болсон түүхий эд бол НООЛУУР юм. Энэ үнэ цэнийг хоёр дахин нэмэгдүүлж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг монгол эрдэмтэд 20 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болгожээ.
Монгол Улсад ноолуур боловсруулах салбарт,
- 15 гүн боловсруулах үйлдвэр,
- 23 анхан шатны боловсруулах үйлдвэр,
- 59 сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр,
- 150-200 өрхийн жижиг цех үйл ажиллагаа явуулж байна.
Тэртээ 20 гаруй жилийн өмнө Монгол болон Германы засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын томоохон судалгааны ажил эхлүүлж эрдэмтэн судлаачид монгол ноолуураа судалж Герман улсад шинжлэн, шинжлэх ухааны цоо шинэ датаг цуглуулсан. Энэ дата бол бидний судалгааны ажлын үндэс суурь болсон юм. 2010-аад оноос ШУТИС, одоогийн Хөнгөн үйлдвэрийн хүрээлэн, Санширо компани дээр ноолууран нарийн ээрмэлийн туршилт судалгааг хийснээрээ мэдлэг инновац шингэсэн, уламжлалт ноолууран ээрмэлээс 2 дахин нарийн жигд, өндөр эрчтэй утсыг бүтээж, патентжуулсан байна. Энэ бүтээлээрээ 2015 оны Монгол Улсын Засгийн газрын “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ийн Тэргүүн байраар шалгарчээ. Ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдэд тулгардаг нийтлэг асуудал бол хүзүү хөшиж хөөргөдөг, бөөгнөрдөг, угааж арчлахад төвөгтэй гэсэн асуудлыг эрдэмтэд шийдэхийг зорьж, зөвхөн хүйтэн сэрүүний улиралд ноолуур өмсөхөд тохиромжтой гэсэн уламжлалт хандлагыг эвдэж, зуны +30, өвлийн -30 хэмд ч өмсөх боломжтой технологийн шийдлийг гаргасан юм.
Түүхий эд нь баталгаажсан, ээрмэл утас нь оюуны өмчөөр хамгаалагдсан, сүлжмэл бүтээгдэхүүн нь эко текс дэлхийн стандартын шаардлага хангасан эрүүл, ээлтэй гэж нотлогдсон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүний хоёр дахь арьс болохуйц амьсгалдаг, арьсны дархлааг дэмждэг нүцгэн биедээ өмсдөг тансаг зэрэглэлийн цэвэр ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн болж байгаа нь монголын ноолуурын салбарт шинэ хуудсыг нээсэн юм. Энэ бол инновац шингэсэн “Ширхэгтийн Хаан” билээ.
Судлаач эрдэмтдийн бүтээлийг бизнес болгоход асуудал их байдаг. Ганц нэг компани дангаараа хийх боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл технологио үйлдвэрт өглөө, үйлдвэр дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажид явагддаг энэ үед кластерын цөм систем чухал.
Монгол Улсын харьцангуй давуу тал болсон дэлхийд ховор ямааны ноолуураар жилийн дөрвөн улиралд өмсөж болох нимгэн шинэ материал гарган авсан нь Монголын онцлогтой инновацын бүтээгдэхүүн бөгөөд Монгол эрдэмтэд, инженерүүдийн 20 гаруй жилийн хөдөлмөр, судалгааны ажлын үр дүнд бий болсон ноолууран хагас нарийн ээрмэл, түүгээр бүтсэн нимгэн сүлжмэл материал, угаах гүйцэтгэн боловсруулалтын технологийн мэдлэгийн үнэ цэнтэй юм.
Монгол бол үнэмлэхүй давуу тал болсон, ундарч байдаг түүхий эдийн нөөцтэй орон
Р.Бадмаанямбуу Ноолуур судлаач, Доктор
“Монгол Улс бусад улсуудад байхгүй, үнэмлэхүй давуу тал болсон ундарч байдаг түүхий эдийн нөөцтэй орон. Түүхий эдийн нөөц байна гэдэг бол Аж үйлдвэр хөгжих боломж байна гэсэн үг. Бид Аж үйлдвэрээ хөгжүүлэхгүй зөвхөн түүхий эдийн бааз болсоор байвал эдийн засаг, малчдын орлого, амьжиргаа бүгд унана. Ноолуурын үнийг хэн нэгэн тогтоосон зүйл байхгүй. Ноолуурын үнэ чинь өөрөө зах зээлийнхээ жамаар тогтдог юм. Энийг хэн нэгэн ченж тогтоохгүй, хэн нэгэн хятад тогтоохгүй, хэн нэгэн үндэсний үйлдвэрлэгч тогтоохгүй, хэн нэгэн засаг тогтоохгүй. Зах зээлд эрэлт хэрэгцээ нь хаана байна тэрүүгээр тогтоно.
Монгол ноолуурын орон. Яагаад вэ гэхээр дэлхийн нөөцийн 50%-ийг нийлүүлж байгаа. 50% гэдгийг толгойдоо бүгдээрээ кодолчих ёстой. Яагаад гэвэл БНХАУ ч хүртэл ноолуураа тоолж хэмжиж чаддаггүй. Хятадууд л их, Монгол цөөн нийлүүлээд байгаа гэдэг биш ерөөсөө л 50% гэж ойлгох хэрэгтэй. Энэ бидний том давуу тал. Тийм ч учраас хангайн бүсийн малчдын өрхийн орлогын 50%-ийг ноолуур, говийн бүсийн малчдын өрхийн орлогын 70%-ийг ноолуур эзэлж байна. Тийм учраас энэ үндэсний хэмжээний том асуудал мөн. Ноолуур зөвхөн дотоодын асуудал биш энэ дэлхийн баялаг юм. Тэгэхээр энэ дэлхийн баялгийг бид дэлхийн түвшинд харж, системээр нь ноолуураа үнэ цэнтэй болгож экспортлох ёстой. ”
Трампын тариф хамгийн бага тогтоосон улс орнууд руу АНУ-ын бизнесүүд үйлдвэрлэлээ тэлж эхэлсэн
Д.Оюунбилэг Экспорт, Олон улсын худалдааны төвийн захирал
“Ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн байдлаар гаргаад, нэмүү өртөг шингээгээд, бүх шатынх нь нэмүү өртгийг Монголдоо авч үлдье гэвэл яаралтай нэг том аж үйлдвэрийн парк ч, томоохон дэд бүтцэд нь хөрөнгө оруулалт хийгээд цогцолбор үйлдвэрийг барих эсвэл байгаа үйлдвэрүүд дээрээ хүчин чадлыг нь томруулах байдлаар энэ дэмжлэгээ үзүүлээд бусад жижиг сүлжих машинуудтай үйлдвэрүүдээ нэгтгэх, кластерлуулах чиглэл рүү явах хэрэгтэй. ААН–үүд зээл аваад хүчин чадлаа сайжруулах гээд л оролдож байна. Гэхдээ богино хугацааны зээл учраас дараа сараас эхлээд л зээлийн хүүгээ төлнө. Ингээд том хэмжээгээр хүчин чадлаа томруулж чадахгүй байна.
Зарим нэг нь өмнөх өөр зээлтэй, гэтэл нөгөө банкны өр орлогын харьцаа тэнцдэггүй гэдэг байдлаар хөнгөлөлттэй зээлийг нь авч чадахгүй байх жишээтэй. Үйлдвэрлэлээ тоируулья гэсэн ч банкны шаардлагыг хангаж чяадахгүй, барьцаа хөрөнгө байдаггүй зэргээс болж арвин зээл авч, үйлдвэрээ томруулах боломж олдохгүй байдаг. Трампын тариф 4 жилээр зогсохгүй цаашаа урт хугацаанд үргэлжилнэ гэдгийг Америкийн бизнесүүд харчихсан байна. Тэд дараагийн түүхий эдээ суурилсан орнууд руу хандаж эхэлсэн. Манайх хурдан хөдлөхгүй бол Вьетнам, Тайланд зэрэг үйлдвэрлэл хөгжчихсөн аж үйлдвэрийн парк тодорхой болчихсон газруудад түүхий эд маань гараад явах магадлал нь өндөр байна.”