
Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулав.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний гурван сард 1220 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 132 (9.8%)-аар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.0%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 (10.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 (22.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Монгол Улс 2025 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ.
Орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.