
ХААИС-ийн оюутан С.Батжонон Монголын анхны амьтны хүрээлэнтэй рестораныг нээжээ. Тэднийх гурван үеэрээ амьтан тэжээдэг, амьтанд хайртай гэр бүл гэнэ.
Үүд хаалгаа нээгээд 13 хонож буй энэ газрын нэр “Zoo lounge”, Зайсан хилл цогцолборын 7 давхарт бий. Байгалийн модоор дотор орчноо тохижуулжээ. Өөрийн гараар тохижуулсан гэнэ. Дотогш орвол ойд яваа юм шиг амар тайван мэдрэмж төрнө. Шувууд шулганалдаад л…
Нийт 48 хүний суудалтай. Ширээ болгон нь өөрийн онцлогтой шилэн. 12 ширээний найм нь амьд загастай. Жуулчдын урсгал, хөл хөдөлгөөн тасрахгүй байршил тул зарим нэг ширээгээ онцгой тохижуулжээ. Японы Фүжи уул, Хятадын Цагаан хэрэм, Монголын Отгонтэнгэр, Улаан цутгалан зэрэг хэн хүний хэзээний танил газрууд шилэн ширээний цаана харагдана.
Шувууд, гүрвэл, могой зэрэг амьтад бүгд өөрийн үүрэндээ байх бөгөөд тэдгээртэй зургаа даруулж, үүрнээс нь гаргаад барьж үзэж болно гэдгийг рестораны эзэн онцолж байлаа.
Яагаад амьтантай ресторан нээхээр болсон тухайгаа ийнхүү ярьж байна.
Тэрбээр “Би залуу хүн. Манай Монголд ямар их стресс бухимдалтай билээ. Залуус нь ороод чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хэр олон байгаа билээ дээ. Энэ бүхнийг бодож, 5-6 жил судалгаа хийж бизнесээ эхлүүлсэн. Одоогоор ийм төрлийн газар Азийн орнуудад байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Азийн хамгийн анхны амьтантай лоунж манайх байх.
Шувууны дуу чимээ хүний стресс, толгойны ядаргааг маш их тайлдаг. Харин загас харах нь хүний нүдний ядаргаа тайлна. Манай тотьнууд Монголоор ярьдаг. Хааяа гаднаас машин тэрэг бариад жаахан бухимдаад ороод ирэх үед нэг амьтнаа бариад суучихдаг. Эд нарыгаа санаад ирнэ шүү. Тэр маань хоолгүй хэцүүдэж байгаа болов уу, гялс очъё гэсээр л ирдэг дээ.
Ер нь бол амьтан гэдэг хүнээс илүү хүний найз байж чаддаг гэж боддог оо” хэмээв.
Эднийх даваагаас пүрэв гараг хүртэл 12:00-22:00 цаг хүртэл, баасан, бямба, ням гарагт 12:00-00:00 цаг хүртэл ажилладаг юм байна. Гэхдээ цагийн хуваарьтаа тавдугаар сарын 1-нээс бага зэрэг өөрчлөлт оруулаад, өглөө эрт онгойдог болгохоор төлөвлөж байгаа гэнэ.