
Сууц өмчлөгчийн холбоо /СӨХ/-ны төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй иргэний СӨХ-ын төлбөрт нь алданги тооцох, цаашлаад Монголбанкны хар жагсаалтад оруулдаг байх зохицуулалтыг Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөлд тусгажээ.
Тодруулбал, СӨХ-ны төлбөрөө гурваас дээш сар төлөлгүй хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох. Зургаан сараас дээш хугацаагаар СӨХ-ны төлбөрөө төлөөгүй тохиолдолд мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгүүлж, банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг нь хязгаарлах зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах зорилгоор оршин суугчдаас сар бүр авч буй СӨХ-ны төлбөрөө юунд зарцуулсан талаарх зардлын тайлангаа гурван сар тутамд тайлагнаж байхаар хуулийн төсөлд заасан. Энэ нь СӨХ нь оршин суугчдаас татсан СӨХ-ны төлбөрийг зориулалт бусаар ашиглаж, хувьдаа завшихаас сэргийлсэн зохицуулалт аж. Нөгөө талдаа барилгын компани дур зоргоороо СӨХ байгуулж, эхний гурван жилд оршин суугчдаас СӨХ-ны төлбөр цуглуулж, алга болдог асуудлыг зогсоох зорилгоор иргэдийн байгуулсан СӨХ-тэй гэрээ хийж, менежментийн үйлчилгээ үзүүлдэг байхаар зааж өгсөн юм байна.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар санаачлан боловсруулсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганы хугацаанд төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.