
Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ.
Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна.
Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний хоёр сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг буурсан талаар Монголбанкнаас мэдээллээ.
Гадаад валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог байна.