
Хаврын хуурайшилт ихтэй байгаа учраас малчид, иргэдийг дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөөд буй.
Тэр дундаа цас багатай, цасгүй нутгаар ой, хээрийн түймрийн эрсдэл хамгийн өндөр байгаа гэдгийг ч мэдээлсэн.
Мөн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “Маш өндөр”, “Өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны гуравдугаар сарын 28- ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглов.
Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргалаа.
2025 он гарснаас хойш эхний улиралд нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн ажээ.