
Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг шалгах ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахлан ажиллаж, 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хаасан.
Цахим мөрийтэй тоглоомыг хориглож, хуулийн зохицуулалттай болгох тухайгаа Н.Учрал сайд мэдэгдэж байсан нь албан ёсоор ажил хэрэг болж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бооцоот тоглоомын 1ХВЕТ сайтаар дамжуулан манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарч, Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урссаар байгаа.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар, 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдсэн. 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн
- 9.2 хувийг 18-29 насны бүлэг,
- 47.7 хувийг 30-39 насны бүлэг,
- 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байна.
Гадаад улс орнуудын цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар 2024 оны 09 дүгээр сард гаргасан жагсаалтад манай улстай нийгмийн үнэлэмж, соёл, уламжлалын хувьд ижил төсөөтэй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны
- 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож,
- 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч,
- 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж,
- 13 улс одоогоор зохицуулалтгүй байна.
Хууль бус гэж тооцсон улс орны тоонд Япон, БНСУ, БНХАУ, Тайланд (морин уралдаанаас бусад), Вьетнам, Индонез, Малдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс байна.
- Мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хууль бус гэж тооцсон 18,
- хүлээн зөвшөөрсөн 15,
- хэсэгчилсэн 8,
- зохицуулалтгүй 4,
- зөвхөн Засгийн газар нь зохицуулдаг 1 улс байна.
Япон, БНСУ, Сингапур зэрэг улс орнууд уламжлалт мөрийтэй тоглоомын зарим хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг байна.
Өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгодог төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах”-аар тусгасан.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Тусгай зөвшөөрөлтэй 3 газар төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд 32 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстойгоос нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Тиймээс хуулийн дагуу зөвшөөрлийг цуцалсан.”
- Монгол Улс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй. Өмнө олгосон бүх зөвшөөрлүүд хүчингүй болно.
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
- Иргэн өөрийн нэр дээрх данс, виртуал хөрөнгө, утасны дугаар зэрэг мэдээллээ ашиглуулж болохгүй. Ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих хүртэл шийтгэнэ.
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглоно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураана.
- Хувь хүнийг 5-10 сая, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгоно.
Зөвшөөрлийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн төслийг дагаж Эрүүгийн хуульд нэмэлт оруулж хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
Хэрвээ төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн,
- 450,000-5,400,000 төгрөгөөр торгох,
- 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
- 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
- 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Мөн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 5-10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгохоор заасан.
Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом сурталчлах, эсхүл цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгч, хөрөнгийг царцаах аж.
Хууль батлагдсанаар цахим мөрийтэй, бооцоот тоглоомын хэрэглээ 65% хувиар буурна. Жил бүр хяналтгүй 1.7 их наяд төгрөг гадагш гарахаа больж хууль, хяналтын байгууллагаас нийтийн эрх ашгийн төлөө хяналт тавьж, арга хэмжээ авдаг болох юм.