
Хилс хэргээр цаазын ял авч, 46 жил хоригдсон Ивао Хакамадад 1.4 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.
Цаазын ялаа хүлээн хамгийн олон жил хоригдсон хүнээр тодроод буй Ивао Хакамадад шоронд өнгөрүүлсэн нэг өдрийг нь 12.500 иен буюу 83 ам.доллараар тооцон, нийт 1.4 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна. Боксын тамирчин асан Ивао Хакамадаг 1966 онд 4 хүний амийг хөнөөсөн хэргээр барьж, 1968 онд шүүхээс түүнд цаазын ял оноосон аж.
Тэрээр цаазын ялаа хүлээх явцдаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байжээ. Тэгвэл өнгөрсөн оны намар буюу 46 жилийн дараа шүүх түүнийг яллахад гол үүрэг гүйцэтгэсэн нотлох баримт болох цустай алчуур нь хуурамч болохыг тогтоож, хэргийг нь цагаатгасан билээ.
И.Хакамадагийн өмгөөлөгчид Шизүока дүүргийн шүүхээс тогтоосон нөхөн төлбөр нь түүний туулсан зовлон зүдгүүрийн хаана ч хүрэхгүй гэдгийг онцолж, олон арван жил цаазын ял хүлээж хоригдсон нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд хүндээр нөлөөлсөн гэжээ.