
Монгол Улсын Үндсэн хууль, УИХ–ын Дэгийн тухайд хуульд УИХ дахь намын бүлгүүд албан ёсны байгууллага. Намын бүлгүүд үйл ажиллагаанд дүрэм журамтай байдаг. Даваа гарагт уг дүрмийн хүрээнд УИХ дахь МАН–ын бүлгийн Ажлын албанаас “Үнэлгээний журам“-ыг бүлгийн хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтаар оруулж, танилцуулсан байна.
УИХ–ын чуулганаар хэлэлцэн, баталж буй бүх хууль тогтоолууд УИХ дахь намын бүлгүүдээр эхлэн хэлэлцэгддэг учиртай. Ингэхдээ Зүүн төвийн үзэл баримтлалтай МАН–ын хувьд УИХ дахь бүлгийн гишүүдийн олонхийн саналаар асуудлаа шийддэг ч улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай асуудлууд ч байдаг учраас хийж хэрэгжүүлнэ хэмээн сонгуульд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд намын бодлогод таарсан улс төрийн шийдвэр гаргадаг.
Үнэлгээний журмыг МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч тодорхой шийдэлд хүрч батлаагүй аж. Дараагийн бүлгийн хурлаар дахин хэлэлцэнэ. УИХ дахь МАН бүлгийн зарим гишүүд уг журмыг эсэргүүцэж буй бөгөөд гишүүдийг онооны системтэй болгоод намын бодлогыг эсэргүүцвэл хасах зарчмаар хариуцлага тооцож, эцэстээ дараагийн сонгуулиар нэр дэвших эрхийг өгөхгүй байх хүртэл нөхцөл үүсэх эрсдэлтэйг шүүмжиллээ.