
Ромын Пап лам Францис эмнэлгээс гарчээ
Өнгөрсөн сарын 14-нөөс хойш Ромын Агостино Жемелли эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Ромын Пап лам Францис өнөөдөр эмнэлгээс гарчээ. Тэрээр эмнэлгээс гарахынхаа өмнө эмнэлгийн тагтнаас Агостино Жемелли эмнэлгийн гадаа цугласан олонтой мэндчилсэн байна.
Пап лам Францисын хувьд энэ нь эмнэлэгт хэвтсэнээсээ хойш олон нийтийн өмнө гарсан анхны тохиолдол болж байгаа юм. Эмч нар Пап лам Францисд хоёр сарын турш тайван амрахыг зөвлөсөн байна.
Мөн энэ хугацаанд Пап лам оролцох олон нийтийн үйл ажиллагааны тоо хязгаартай байх аж. 88 настай Пап лам өнгөрсөн сард гуурсан хоолойн үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ч удалгүй биеийн байдал нь муудаж, хоёр уушги нь хатгалгаатай болох нь шинжилгээгээр тодорхой болсон юм.