
Өнгөрсөн ням гарагт Истанбулын эрүүгийн хэргийн шүүх Истанбул хотын дарга, Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч гэгдэх Экрем Имамоглуг авлигын хэргээр баривчлах захирамж гаргажээ.
Э.Имамоглуг баривчилсан явдлыг Туркийн сөрөг хүчний намууд, Европын орнууд болон туркийн ард иргэд улс төрийн сэдэлтэй, ардчилсан бус явдал хэмээн буруушааж, Туркийн томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөсөөр байгаа билээ. Э.Имамоглу өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, иргэдийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдэхийг уриалжээ. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Э.Имамоглуг Истанбулын Силиври дүүрэгт байрлах хорих төв рүү шилжүүлжээ. Туркийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр Э.Имамоглуг Истанбул хотын даргын үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.
Түүнийг гэмт бүлэглэл байгуулж, удирдсан, авлига авсан, хууль бус аргаар мөнгө завшсан, хууль бусаар хүний хувийн мэдээллийг бичиж авсан, тендер шалгаруулалтанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх зүйл заалтаар буруутгаж байгаа аж. Э.Имамоглуг шүүхийн шийдвэрээр хоригдсон байгааг үл харгалзан Туркийн сөрөг хүчний Бүгд найрамдах Ардын нам өнгөрсөн ням гарагт улс даяар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах санал хураалтаа эхлүүлжээ.
Ингэхдээ иргэдийг санал хураалтанд идэвхтэй оролцож, Э.Имамоглуг дэмжихийг уриалсан байна.