
Өнгөрсөн ням гарагт Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод АНУ болон Украины төлөөлөгчдийн уулзалт болжээ.
Уулзалтын үеэр талууд Украины эрчим хүчний объектууд болон чухал дэд бүтцүүдийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслүүдийг хэлэлцсэн тухай Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров онцолжээ.
АНУ-ын төлөөлөгчдийн хувьд энэ даваа гарагт ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзах юм. АНУ-ын Ойрх Дорнодыг хариуцсан тусгай төлөөлөгч Стив Уиткофф Fox News сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын төлөөлөгчдийн ОХУ-ын төлөөлөгчидтэй энэ даваа гарагт хийх уулзалт нь маш үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, уулзалтын үеэр ОХУ, Украин хоёр Хар тэнгист бие биенийхээ хөлөг онгоцнууд руу гал нээхээ зогсоох асуудал яригдах ажээ. Энэ нь цаашлаад талууд бүр мөсөн галаа зогсоох явдал руу хөтөлнө гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн ням гарагт Эр-Риядад Украины төлөөгчдийн АНУ-тай хийсэн уулзалт үр дүнтэй болсон хэмээн тодорхойлохын зэрэгцээ Вашингтон, Киев хоёр ямар ч шийдвэр гаргасан ч гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цохилт үзүүлэхгүй гэсэн амлалтандаа хүрэх шаардлагатай байгааг онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва, Киев хоёр бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцүүдэд үзүүлэх цохилтоо 30 хоног зогсоох АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг зөвшөөрсөн билээ.
Гэсэн ч талууд агаарын цохилтууд үргэлжилсээр байгаа талаар харилцан бие биенийгээ буруутгасаар байна. Өнгөрсөн ням гарагт Украины эрх баригчдын мэдээлсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчний Киевт үзүүлсэн дроны халдлагын улмаас хоёр том хүн, 5 настай нэг хүүхэд амиа алдаж, орон сууцны барилга галд автжээ. Оросын тал өнгөрсөн ням гарагт Киевийн ОХУ-ын баруун өмнөд зүгийн бүс нутгуудад үзүүлсэн дроны халдлагын үеэр Украины 59 дроныг устгасан хэмээн мэдэгджээ.
Киевийн дроны халдлагын улмаас Ростовт нэг хүн амь үрэгдсэн гэв.