
Улс орнуудын Төв банкуудын үндсэн гол зорилт болох инфляц буюу үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм.
Бодлогын хүүг арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно.
Монголбанкны хувьд, энэ нь 7 хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү байдаг. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо жилд 4 удаа хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг.
Төв банк хэзээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй хүү ч гэж нэрлэдэг. Энэхүү эрсдэлгүй хүүтэй харьцуулагдаж зах зээл дээрх бусад арилжааны хүү тогтдог учир бодлогын хүүг ХӨТӨЧ хүү, эсвэл ЖИШИГ хүү гэж нэрлэх нь бий.
Бодлогын хүүг өөрчлөх замаар төв банкууд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах эсвэл удаашрахаас сэргийлж, эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зорьдог.
Бодлогын хүү ӨНДӨР үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл олгож эрсдэл үүрэхийн оронд төв банкинд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л арилжааны зээл олгох нь түгээмэл. Энэ нь жижиг буюу хэрэглээний зээл олголт багасч, өндөр хүүтэй, найдвартай эргэн төлөлттэй зээл л гаргадаг гэсэн үг. Ингэснээр эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширдаг. Харин бодлогын хүү БУУРАХ үед банкууд мөнгөө төв банкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг.
Тэгвэл өнгөрөгч баасан гарагт /2025.03.07/ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хоёр өдөр дамнан хуралдаж, бодлогын хүүгээ 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12%-д хүргэж буйгаа зарласан. Үүнээс өмнө Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно” гэж мэдэгдэж байсан. Өнөөдөр инфляц улсын хэмжээнд 9,6%, Улаанбаатар хотын хэмжээнд 9,7% байна.
Үүнд,
- цахилгааны үнийн өсөлт, үүний дам нөлөө болон өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлон нөлөөлөв.
- Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсөж, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ.
- Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй.
Энэ удаагийн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь инфляц үргэлжлэн нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, инфляцыг 2027 оноос 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилт, дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж гаргасан гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурьдсан.
Хэдийгээр Бодлогын хүү банкуудын хүүг шууд утгаараа нэмэгдүүлэхгүй ч банкуудын зээлийн бодлого, зээл олголтод нөлөөлөх нь тодорхой юм. Товчхон хэлэхэд, инфляц өсч, банкууд хэрэглээний, бичзнесийн зээлээ хязгаарлаад, олгосон өндөр хүү тулгах нөхцөл бүрдлээ гэсэн үг.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гарсан дараагийн шийдвэрүүд бол хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэр.
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 2019 оноос 2024 оны долдугаар сарыг хүртэл 60:40 буюу тухайн зээлийн сарын төлөлт өрхийн сарын орлогын 60%-иас дээш гарч болохгүй зохицуулалттай байсан бол 2024 оны долдугаар сараас дээд хязгаарыг 55-д хүргэсэн. Тэгвэл энэ удаад банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоолоо.
Харин тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоосон байна. Монголбанкны Ерөнхийлөгч уг шийдвэрийг тайлбарлахдаа, “өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад банкны салбарын хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдлээ. Энэ нь нэг талаас хэрэглээний импорт болон дотоод эрэлтийг өдөөж, нөгөө талаас өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахаар байна” гэлээ.
Хэрвээ эдийн засаг сэргэж, инфляц нэг оронтой тоонд тогтвортой хадгалагдах, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүд эерэг байвал бодлогын хүүгээ эргэн харж, дараагийн алхмыг хэрэгжүүлэх аж.
Бодлогын хүү нь ийнхүү арилжааны банкуудын зээлийн шийдвэрээс гадна, зах зээл дээрх хөрөнгийн үнэ, валютын ханш, зах зээлд оролцогчдын хүлээлт зэрэг бусад сувгуудаар ч дамждаг бөгөөд улмаар эдийн засагт тодорхой цаг хугацааны хоцрогдолтойгоор нөлөөлдөг. Хамгийн их нөлөө нь Бодлогын хүүг өөрчилснөөс 4-6 улирлын дараа илэрч, харин нөлөө нь бүрэн арилтлаа 2-3 жил шаардагдах тохиолдол ч бий гэдгийг эдийн засагч, судлаачид онцолдог.