
Цасан цагаан, Angel 8, Шоколадан зэрэг гадаад өнгө төрхөөсөө эхлээд амт, чанарын ялгаатай 100 гаруй төрлийн \сорт\ гүзээлзгэнийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Жиньхуй” тариачдын хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооныхон тариалж байна.
Бээжин Жиньхуй тариачдын хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршоо нь Чанпин дүүргийн Шяоцүн тосгонд байрладаг. 2011 онд байгуулагдсан уг хоршоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туршилтын загвар, брэнд маркетинг, шинжлэх ухааны боловсрол, шинэ технологи, ХАА-н сургалтыг нэгтгэсэн иж бүрэн хоршоо юм. Өнөөдрийн байдлаар уг хоршоо 207 гишүүнтэй, 380 гаруй хөдөө аж ахуйн хүлэмжийг хамарсан, гишүүн бус 500 өрхийг дэмжиж, жил бүр 2000 гаруй тариаланчдад сургалт явуулж байна. Нийт 2 сая 300 мянган юанийн дүрмийн сантай, 10 сая юанийг давсан үндсэн хөрөнгөтэй.
Жиньхуй хоршооны тариаланчид гол төлөв хүнсний ногоо, хүнсний мөөг, гүзээлзгэнэ, интоор, тоор, алим үйлдвэрлэж, жилийн 15 сая гаруй юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хоршоо нь “Yuxiang” барааны тэмдгийг бүртгүүлсэн бөгөөд “Бээжингийн дээд зэрэглэлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн” брэндийн жагсаалтад оржээ. Мөн 2021 онд БНХАУ-ын “Жишиг хоршоо”-гоор шалгарсан бол өнгөрөгч 2024 онд “Хятадын анхны хошууны түвшний шилдэг ХАА-н сургууль”-иар шалгарсан байна.
“Жиньхуй” ХАА мэрргэжлийн хоршооны бүтэц их энгийн. Хоршоо нь Нийт гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс бүрдсэн засаглалын тогтолцоог бий болгосон. Бүх гишүүдийн хурал нь хоршооны 207 буюу бүх гишүүдээс бүрдсэн хурал жил бүр хоёр удаа хуралдаж томоохон шийдвэрүүдийг гаргадаг. Харин Төлөөлөн удирдах зөвлөл нь улирал тутам хуралдаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хяналтын зөвлөл нь мөн нийт гишүүдээс сонгогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дотоод хяналтаа хийдэг.
Нэгэнт бэлэн мөнгө нийлүүлээд гишүүн болсон тариаланчид ашгийн хуваарилалт ч хүртэнэ. Хоршоо жилийн хуваарилагдах ашгийн 60%-ийг борлуулалтын нийт хэмжээгээр, 40%-ийг хөрөнгө нийлүүлсэн хувь хэмжээгээр харгалзан гишүүддээ хуваарилдаг. Дунджаар гишүүн бүр жилд 8000 юанийн нэмэгдэл авдаг байна.
Түүнчлэн Жиньхуй хоршоо нь ХАА-н мэргэжлийн хоршоо учраас хөдөлмөр эрхлэх боломжийг өргөнөөр бүрдүүлж, хоршооны өөрийн 26 га талбайд орон нутгийн тариачдыг ажилд авч, 30 гаруй орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж байна.
Үйлдвэрлэлийн нэгдсэн удирдлагын хувьд тариалалт хийж буй сорт бүрээ стандартчилж, орон нутгийн нөхцөлд тохирсон чанартай, тэсвэртэй ургацын туршилт хийдэг. Мөн үр, бордоо, пестицидийг зах зээлийн үнээс доогуур үнээр бөөнөөр худалдан авж, хоршоондоо эхлээд туршилт хийгээд дараа нь гишүүн тариаланчдадаа тараадаг байна.
Мөн тариалалтын газар, байгууламжийн стандартчилалын хувьд механикжсан газар бэлтгэх (тэгшлэх, хөрс сайжруулах), усалгааны системийг сайжруулах, ухаалаг хүлэмж, дуслын усалгаа зэргийг хэрэгжүүлдэг. Ингэснээр тус хоршооны гишүүд нэгдсэн стандартын дагуу хүлэмж, талбай, техникээ ашигладаг байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөлтийг гишүүдтэйгээ үүрэг хариуцлагаа тодорхой болгох гэрээ байгуулж ажилладаг.
Мөн тариаланчдадаа ногоо тарих нягтрал, бордоо, хортон шавьжтай тэмцэх нарийвчилсан гарын авлага мөрдүүлдэг байна. Энэ мэт сургалт, зааварчилгаа, тогтмол семинар, газар дээрх техникийн дэмжлэг үзүүлдэг.
Маркетинг, борлуулалтын системийн хувьд ургац хураалтын дараах стандартчилал хийж, ургац хураалтын нэгдсэн хуваарь, ангилах шалгуур, боловсруулалт тогтоон ажилладаг байна. Брэнджүүлэлт, борлуулалт, гэрчилгээтэй сав баглаа боодол хэрэглэх, ухаалаг логистик ашиглаж буй бөгөөд борлуулалтын төрөл бүрийн суваг ашиглах, олон нийтийн сүлжээний захиалга, аж ахуйн нэгжийн түншлэл, цахим худалдааны шууд дамжуулалт, хөдөө аж ахуйн аялал жуулчлал зэргийг ашиглан гишүүн тариаланчдынхаа үйлдвэрлэсэн, тариалсан хүний ногоо, жимс, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй борлуулдаг байна.
Энэ бүхний эцэст орон нутгийн 1000 гаруй өрхөд орлогын өсөлтийг бий болгож, хөдөөгийн хөгжил, тариачдын хөгжилд тодорхой хувь нэмрээ хувь нэмэр оруулж байна.