
Аливаа улс эх орны нэрийн хуудас бол яахын аргагүй “Спорт”-ын салбар юм. Хилийн дээс алхаад л тэр, энэ гэх бус зөвхөн Монгол улсын тамирчин гэсэн нэр, хаягаар тэмцээн уралдаанд өрсөлддөг.
Олон олоон жил их спортын гал тогоонд чанагдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, басхүү дуурсгаж яваа Монголын тамирчдаар бахархнам. Тэдний амжилт, ялалтыг магтан дуулахын чацуу, алдаа оноотой, ялагдал болон хожигдолд дээр нь нэрмээс хийн, дэвслэхгүй хүсдэггүй улсууд бол Спортын үзэгчтэй тамирчид байдаг билээ.
Учир нь бид тамирчдын амжилт, ялалт, баяр хөөр, бэлтгэл сургуулилт, хожигдол, уйтгар гуниг, харуусал, цусны үнэтэй гаргасан дусал хөлс бүрт хамтдаа байдаг. Иймдээ ч мэдээ, сурвалжилга, бодит байдлыг чухам үнэнээр гагцхүү цөөн үгээр олон нийтэд хүргэхийг эрмэлзсээр иржээ.
Чухам ямархан давааг даван туулаад, төдийгөөс өдий хүртэл тэмцэж, зүтгэж, тууштай хөдөлмөрлөж явааг нь дэргэдээс нь харж, хүндэлж, бахархаж, омогшиж ирсэн учраас л тэр…
Өөрийн гэсэн үнэ цэнтэй бүхнээ зөвхөн спортод л зориулан тангараг өргөөгүй ч эх орноо дуудсан цагт нь хүү нь, охин нь хэзээд бэлэн байдаг билээ.
Тэд бол зүрх сэтгэлдээ тангараг өргөсөн спортын салбарын “Цэргүүд” юмаа.

“Өрөг.Мн” сайтын зүгээс олон өдөр сарын ажил хэрэг болгон зорьж төлөвлөсний эцэст Гуамыг зорин сагсан бөмбөгийн шигшээ багийн тэмцээний эргэн тойрон дахь мэдээ, мэдээллийг бодитоор сурвалжлан хүргэхийг эрмэлзэн ажиллаад ирлээ.
Иймээс чадан ядан, сэтгүүлчийн зүгээс дараах мэдээллийг тоймлон бэлтгэснээ хүргэж байна.
Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа Ази тивийн АШТ-ий эрх олгох урьдчилсан шатны тэмцээнд шалгарсан. Харин түүхэндээ анх удаа Гуамын шигшээг талбай дээр нь хожсон.
Анхны бүхэн дурсамж бөгөөд маш том туршлага басхүү сургамж болж өгөх нь дамжиггүй.


Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий эрх олгох урьдчилсан шатны тэмцээнд “С” хэсэгт Монгол, Япон, Хятад, Гуамын багууд учраа таарсан.
Энэ хүрээнд нэг баг өрсөлдөгч багуудтайгаа тус бүр хоёр тоглолт хийх хуваарьтай байв. Нэг тоглолтыг нь өөрийн нутагтаа хүлээн авах, нөгөө тоглолтоо өрсөлдөгч багийнхаа талбайд зочлон тоглох ёстой байлаа.
Урьдчилсан шатны тоглолтууд өнгөрөгч 2024 онд эхэлсэн. Ингээд хуваарь ёсоор энэ сарын 20-ны өдөр гуамын талбайд Монголын шигшээ зочлилж, хэсгийн сүүлийн тоглолтоо арлын орны багийг Улаанбаатартаа хүлээн авсан.


Харин нөгөө талд Гуамын талбайд зочлон тоглосон Хятадын шигшээ Гуамыг хожсон. Ингэж хожихдоо онооны харьцааг тун ойрхон хожсон урчаас манай шигшээ багт боломж гарсангүй. Хэрвээ Хятадын шигшээ Гуамыг 24+ онооноос дээш хожсон бол Монголын шигшээ хэсгээсээ гуравдугаар байраар шалгарах байлаа.
Дасгалжуулагчийн багийг танилцуулъя:


Ахлах дасгалжуулагч: Василис Фрагкиас
Туслах дасгалжуулагч: Серб мэргэжилтэн Велибор Негованович, Ц.Азбаяр, Б.Тамжид, Б.Ганхөлөг нар ажиллав.
Ахлах дасгалжуулагч Грек мэргэжилтэн Василис Фрагкиас эрхмийн шигшээ баг дээр оруулсан хувь нэмрийг бид мартах ёсгүй.
Түүний хувьд Монгол улсын шигшээ баг дээр 4 дэх жилдээ ажиллаж байна.
Грек улсын иргэн тэрээр тус улсын сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагч, Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Сагсан бөмбөгийн спортод түүний дасгалжуулагчийн замнал 1991 оноос эхэлжээ. Фрагкиас Вассилис нь 1985-1991 онд Грекийн сагсан бөмбөгийн өсвөрийн багт тамирчин байсан аж.


Монгол улсын сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагчаар уригдан ажиллаж буй түүний хувьд 2014-2017 онд Катар улсын үндэсний багт дасгалжуулагчаар ажиллаж байв. Харин манай улсын багийн спорттой холбогдож эхэлсэн нь “Эрдэнэт Майнерс” багийг 2020-2023 оны үндэсний дээд лигийн улиралд дасгалжуулж байсан юм.
Ийн шигшээ баг дээр дуудагдан ажилласан түүний тухайд багийн бүрэлдэхүүн ямар байх, хэн хэнийг шигшээ багт дуудах гээд л маш хариуцлагатай эцсийн шийдвэрийг гаргаж байсан эрхэм юм.
Мэдээж тэрбээр аливаа улсын шигшээ баг дээр ажиллана гэдэг нь нэр төрийн болоод маш хариуцлагатай үйл явдал гэдгийг онцолсон.
“С” хэсгийн сүүлийн хоёр тоглолтонд дуудагдаж оролцсон багийн бүрэлдэхүүн:


- Хасын Хүлэгүүд холбогч: Б.Барсболд /183 см, 20 нас/
- Эрдэнэт Майнерс холбогч: Г.Болор-Эрдэнэ /185 см, 21 нас/
- Бишрэлт Металл холбогч: Т.Ууганбаяр /182 см, 26 нас/
- Хасын Хүлэгүүд хамгаалагч: Э.Саруул-Эрдэнэ /188 см, 26 нас/
- BCH Knight хамгаалагч: О.Эрдэнэцогт /186 см, 30 нас/
- Хасын Хүлэгүүд хамгаалагч: Ч.Тэмүүлэн /195 см, 20 нас/
- Бишрэлт Металл довтлогч: А.Энхбаясгалан /194 см, 27 нас/
- Хасын Хүлэгүүд довтлогч: Б.Билгүүн /197 см, 35 нас/
- FAIRFAX HIGH SCHOOL довтлогч: Э.Маргад /194 см, 20 нас/
- NCAA UTRGV довтлогч: Г.Дөлгөөн /203 см, 21 нас/
- 3х3 төвийн тоглогч: О.Энхбаатар /200 см, 28 нас/
- Хасын Хүлэгүүд төвийн тоглогч: А.Азбаяр /205 см, 19 нас/
Багийн дундаж өндөр 192.7 см, багийн дундаж нас 24.4 байв


“С” хэсгээс Япон, Хятад, Гуамын шигшээ багууд гарав. Гуамын хувьд хэсгээсээ гурваар гарсан учраас нөгөө хэсгийн гурваар гарсан багтай өрсөлдөх болж байна.
Шигшээ багийн тамирчдыг хүлээж буй тэмцээн уралдаан:
2029 оны ФИБА Азийн аваргын урьдчилсан тоглолтууд 2026 оны 5 дугаар сард эхэлнэ.
Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Азийн Олимп, Азийн наадам 2026 оны 9 сарын 19-нд эхлэх тус тус хуваарьтай байна. Харин 2029 оны Азийн аварга одоогоор хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна.
Эцэст нь хэлэхэд Монгол улсын шигшээ багийн залууст ирээдүй өнгөтэй гэрэлтэй байна. Шигшээ багийн залуусаараа бахархаж, омогшиж, тэсэн ядан хүлээсэн тоглолтуудад хэрхэн бүх хүч, хөдөлмөрөө дайчлан, тууштай, тэвчээртэй зүтгэж оролцсоныг нүдээрээ харлаа, үзлээ. Тэд илүү сайжирна, урагшилна, дэвшинэ, дээшлэн хөгжинө. Боломж үргэлжид бий…