
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей дэлхийн хамгийн чинээлэг хүн, АНУ-ын Төрийн бүтээмжийн албаны тэргүүн Илон Маскад цахилгаан алтан хөрөө бэлэглэжээ.
Аргентины Ерөнхийлөгч Х. Милей Вашингтонд болж буй консерватив улс төрийн үйл ажиллагааны бага хуралд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирээд байгаа ба Илон Маск тус хуралд илтгэгчийн хувиар оролцож байгаа аж. И. Маск бэлгэнд авсан хөрөөгөө “төрийн хүн сурталд зориулсан хөрөө” гэж нэрлэжээ.
Улаан өнгийн уг хөрөөн дээр Х. Милейн хэлэх дуртай “Viva la libertad, carajo” буюу “Эрх чөлөө мандтугай, чөтгөр аваг” гэсэн үгийг сийлсэн байжээ. Х. Милей уг хөрөөг 2023 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байсан ба тэрээр Д. Трампын “Америкийг ахин агуу болгоно” гэсэн уриаг дуурайн Аргентиныг дахин агуу болгоно гэж амлаж байсан юм.
Түүний хөрөө Аргентинд хийгдсэн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн бэлгэ тэмдэг болсон ба Х. Милей төсвийг бууруулж, төрийн зардлыг багасгаж, төсвийн алдагдалд цэг тавьж, үнийн өсөлтийг хяналтандаа авна хэмээн мэдэгдэж, иргэд түүнийг “цахилгаан хөрөөтэй эдийн засагч” гэж нэрлэх болжээ.
Вашингтоноос гаргасан албан ёсны тоогоор Илон Маскийн удирдаж буй Төрийн бүтээмжийн алба Д. Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш төрийн зардлыг 55 тэрбум ам.доллараар бууруулж чадсан ба АНУ-ын Ойн албаны албан хаагчдын тоог 3.4 мянгаар, Эрчим хүчний яамны ажилтнуудын тоог 2 мянгаар, Өвчний хяналт болон өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн албан хаагчдын тоог 1.3 мянгаар тус тус цомхтгоод байна.
Эx Сурвалж: USATODAY.COM