
Улаанбурхан (Measles) нь Morbillivirus төрлийн вирусээр үүсгэгддэг, маш халдвартай амьсгалын замын өвчин юм. Улаанбурхан нь хөнгөн өвчин мэт санагдаж болох ч хүндрэлийн эрсдэл өндөртэй, зарим тохиолдолд амь насанд аюултай.
Шинж тэмдэг: Улаанбурхан нь халдвар авснаас хойш 7-14 хоногийн дараа илэрнэ.
- Халуурах (38-40°C хүртэл) Ханиах, нус гоожих, нүд улайх (салст бүрхэвч үрэвсдэг)
- Биеэр улаан тууралт гарах – эхлээд нүүр, чихний ар талаас эхлэн биеийн бусад хэсэгт тархана
- Копликийн толбо – амны хөндийн салст дээр цагаан толбо үүсэх (оношилгоонд чухал) Хүндэрсэн тохиолдолд уушгины үрэвсэл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэх аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Вакцин – Улаанбурхан-Гахай хавдар-Улаанууд (MMR) вакцин нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм. Хүүхдэд 9 сартайгаас эхлэн 2 тунгаар хийнэ.
- Халдвартай хүнээс хол байх – Ойрын хавьталд орохоос зайлсхийх
- Дархлаагаа дэмжих – Хангалттай амрах, шим тэжээлтэй хооллох
Дараах хүмүүсийн хувьд улаанбурхан илүү аюултай:
- 5 хүртэлх насны хүүхдүүд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Дархлаа султай хүмүүс
- (ХДХВ/ДОХ, хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс гэх мэт)
Болзошгүй хүндрэлүүд
1) Уушгины хатгалгаа (Pneumonia)
Улаанбурхан өвчний хамгийн түгээмэл хүндрэл бөгөөд бага насны хүүхдүүд үүнээс болж нас барах эрсдэлтэй.
2) Тархины үрэвсэл (Encephalitis)
1000 хүн тутмын 1-д тархи үрэвсэх аюултай. Тархины гэмтэл үүсгэж, саажилт, сонсголын алдагдал, оюун ухааны хоцрогдол үүсгэж болзошгүй.
3) Сул дархлаатай болох (Immune amnesia)
Улаанбурхан өвчин дархлааны санах ойг устгадаг тул өмнө нь дархлаа тогтсон бусад өвчнүүдэд (гар, хөл, амны өвчин, уушгины хатгалгаа гэх мэт) дахин өртөх эрсдэлтэй болгодог.
4) Жирэмсэн үед хүндрэл үүсгэх
Ураг амьгүй болох, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөх магадлал ихэснэ.
5) Хараа алдах эрсдэл Витамин A-ийн дутагдалтай хүүхдүүд улаанбурхан өвчний улмаас хараагүй болох аюултай.
Нас баралт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр: 2021 онд улаанбурханаар 128,000 хүн нас барсан бөгөөд тэдний ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байжээ. Вакцинжуулалт хийгдээгүй нөхцөлд өвчин маш хурдан тархаж, олон хүний амь насанд аюул учруулдаг.
Улаанбурхан бол зөвхөн тууралт гаргадаг энгийн өвчин биш, харин ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй, амь насанд ч хүргэж болох аюултай халдварт өвчин юм. Гэхдээ вакцинжуулалтаар 100% урьдчилан сэргийлэх боломжтой тул вакцин хийлгэх нь хамгийн чухал хамгаалалт юм