Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг үндэслэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсныг С.Зулпхар гишүүн танилцуулгадаа онцолсон. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Д.Пүрэвдаваа, Л.Энхнасан, С.Бямбацогт, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлээд хотын хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлах боломжтой эсэхийг тодруулав. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, “Хууль эрх зүйн хүрээнд улсын нийслэл тэр дундаа хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал баталдаг жишиг бий. Энэ хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахаар оруулж ирээд байна. Түүхэн нийслэлийг сэргээн байгуулах, цаашдаа бодлогын зөв шийдэл гаргахын тул Улсын Их Хурал нь хотын үзэл баримтлал, төлөвлөгөөгөө баталдаг байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариуллаа.