Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнөөдөр /2025.01.17/ Үндэсний бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд АНУ-ын иргэн Лавелл Маршалл зодоглолоо. Түүний монгол нэр Хангай. Америкийн Хангай гэж дуудна. Тэрбээр ӨМӨЗО-нд сүүлийн зургаан жил ажиллаж, амьдарч байгаа юм байна. Найз бүсгүйтэйгээ хамт Үндэсний бөхийн өргөөнд бөх үзээд сууж байхтай нь таарлаа.
Тэрбээр “Би монголд дөрөв юм уу тав дахь удаагаа ирж байгаа байх. Харин Монголын үндэсний бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа л оролцсон үзлээ. Анх 2018 онд Киргиз улсад барилдаж үзэж байсан.
Би өнөөдөр барилдаад унасан л даа. Гэхдээ энэ удаагийн барилдаан миний хувьд том туршлага боллоо. Бүр илүү хичээмээр санагдлаа. Өөрийгөө илүү сайжруулмаар байна” гэлээ.
Монгол бөхчүүдээс хэн, хэнийг таньдаг болохыг нь тодруулахад:
“Миний дуртай олон бөх бий. Ард сууж буй Т.Баасанхүү бол миний дуртай бөхүүдийн нэг. Тэр үнэхээр сайн. Би түүнийг зургаан жилийн өмнө анх харж байсан. Бас О.Хангай аваргад дуртай. Бөхчүүд өөр өөрийн гэсэн онцлог чадвартай санагддаг. Би бүгдийг нь л үзэх дуртай” хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Би бууз, үхрийн мах, сүүтэй цайнд дуртай. Эдгээр хоолнууд бөх барилдахад минь сайн нөлөө үзүүлдэг гэж боддог” гэв.
“Монгол охид хөөрхөн байна уу” гэх асуултад харин “Дэлхийн бүх бүсгүйчүүд өөрийн гэсэн үзэсгэлэнтэй” хэмээн хариулсан юм.