“Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоцны өнгөрсөн сард гарсан ослын хар хайрцагт дэлбэрэлтийн өмнөх сүүлийн дөрвөн минутын мэдээлэл нь байхгүй байгааг мөрдөн шалгах албаныхан бямба гарагт мэдээллээ.
Өмнөд Солонгосын талын албаныхны мэдээлснээр, АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB)-өөс тус B737-800 онгоцны нислэгийн мэдээлэл хадгалагч болон нисэгчийн дуу бичлэгийн төхөөрөмжийн бичлэгүүдийг шинжлэхэд онгоц нь чиглүүлэгч төхөөрөмжийн байгууламжтай мөргөлдөхөөс ойролцоогоор дөрвөн минутын өмнөх бичлэгүүд нь зогссон болохыг тогтоожээ.
“FDR” болон “CVR” нь өглөөний 8 цаг 59 минут орчмоос мэдээлэл хадгалахаа больсон гэж тогтоогдсон нь ослын шалтгааныг бүрэн тогтоох мөрдөн шалгалтын явцыг улам хүндрүүлж байгааг онцолж байна. “FDR” гэдэг нь “Flight Data Recorder” буюу нислэгийн мэдээлэл хадгалагч, харин “CVR” гэдэг нь “Cockpit Voice Recorder” буюу нисэгчийн бүхээгийн дуу бичлэгийн төхөөрөмж бөгөөд хамтад нь “хар хайрцаг” хэмээн нэрлэдэг.
Албаныхан нислэгийн мэдээлэл хадгалагч болон нисэгчийн дуу бичлэгийн төхөөрөмжийн мэдээлэл нь мөрдөн шалгалт хийхэд чухал үүрэгтэй боловч цорын ганц нотлох баримт биш гэж мэдэгдэв. “Мөрдөн шалгах ажиллагаанд агаарын тээврийн удирдлагын бичлэг, ослын дүрс бичлэг болон ослын газраас олдсон хаягдал зэргийг шинжлэх зэрэг олон төрлийн мэдээллийг ашигладаг” хэмээн мэдэгдсэн.
Хар хайрцгийн эд ангиудыг АНУ-ын Вашингтон хотноо байрлах Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB) рүү өнгөрсөн долоо хоногт илгээж, мэдээллийн найдвартай байдлыг баталгаажуулахын тулд давхар шалгалт хийжээ. Өмнөд Солонгосын шинжээчид тус зөвлөлд ажилласны дараа даваа гарагт Солонгостоо буцаж ирэн дотоодын шалгалтаа үргэлжлүүлэхээр болоод байгаа аж. (Yonhap)