Шанхайд оросын бараа нэрээр хуурамч бүтээгдэхүүн зардаг 47 дэлгүүрийг шалгахаар болжээ.
Шанхай хотын Зах Зээл Зохицуулалтын Газраас ОХУ-д үйлдвэрлэсэн бараа гэх нэрээр хуурамч бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 47 дэлгүүрийг шалгаж эхэлсэн талаар Хятадын Төв Радио Телевиз мэдээлэв.
Шалгалтыг өөрсдийгөө ОХУ-ын албан ёсны эрхтэй “үндэсний павильон” хэмээн сурталчилдаг ч хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг “хулхины” дэлгүүрүүдэд хийж байгаа аж. Мөн импортын хувь хэмжээ бага хэрнээ “Оросын барааны павильон” гэсэн нэрийн дор бараа худалдаалдаг цэгүүдийг ч шалгаж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Шанхай хотод “Оросын бараа” гэсэн нэрээр бүтээгдэхүүн зардаг 47 дэлгүүрийг илрүүлжээ.
Үүний зэрэгцээ, Зах Зээл Зохицуулалтын Газраас тэдгээр дэлгүүрт үйлдвэрлэлийн гарал үүслийг тодорхой заасан, барааны бүх мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар тэмдэглэхийг үүрэг болгожээ.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт Шанхай хотод “Оросын барааны павильон” хэмээн нэрлэсэн бодит байдалд нийцэхгүй зургаан ч зөрчил дээр хэрэг үүсгээд байгаа аж.
ОХУ-аас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч Алексей Дахновский “Хятадын зах зээлд Оросын барааг дуурайлган үйлдвэрлэсэн Хятад бүтээгдэхүүн олон байдаг” хэмээсэн байна. Гэсэн ч, зах зээл дэх хуурамч барааны тоо аажмаар буурч байгааг мөн онцолжээ.