“Жолоочийн албан журмын даатгал 700 мянган төгрөг боллоо” гэсэн мэдээлэл цахим орчинд маш хурдан түгсэн. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд шинэчлэгдсэн журмын дагуу сүүлийн жилүүдэд зам тээврийн осол, замын хөдөлгөөний тухай хууль зөрчигдөж байгаатай холбогдуулан жолооч буюу даатгуулагчийн хураамжийг нэмэгдүүлэх журам энэ оны нэгдүгээр сараас үйлчилж эхэлсэн.
Ингэхдээ жолооч та сүүлийн нэг жилийн хугацаанд:
- Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн зааврыг зөрчин зам тээврийн осол гаргасан;
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээрийн осол гаргасан;
- Замын хөдөлгөөний хурдны хязгаарлалтыг хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргасан;
- Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан тохиолдолд
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын суурь хураамжийг 0.4 функтээр буюу 40%-иар нэмэгдүүлэх юм.
Уг шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-ыг шинэчлэн баталсан байна. Шинэчилсэн загварыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Харин иргэд уг шийдвэрийг эсэргүүцэж байна.
Жолооч нар:
“Осол, зөрчил гаргавал жолооч торгуул тавиулаад, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хариуцлагаа тооцуулаад явдаг. Энэ зарчмаараа л явах ёстой. Харин даатгалын хураамжийг нэмэх нь зохисгүй гэж үзэж байна.”
“Энэ шийдвэрийг эцэргүүцэж байна. Дандаа ийм зүйл хийж ард түмнийг татварын дарамтад оруулж, нэг ёсондоо дарангуйллыг бий болгож байгаа учраас үүнийг эсэргүүцэхээс өөр арга байхгүй. Зургаахан хувиар цалин, тэтгэвэр нэмчихээд ингэж олон татвар, торгууль, хураамж ногдуулж болохгүй. Монголчуудын цалин, орлого хэд билээ гэдгийг шийдвэр гаргагчид мэддэг байх учиртай.”
2024 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 21485 удаагийн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн хүний тоо 1445 байгаагийн 80 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Тиймээс муу түүхтэй жолоочийн даатгалын хураамжийн төлөх дүнг ихэсгэх нь жолооч нарт сануулга болж дараагийн жилдээ осол, зөрчил гаргахгүй х нөхцөл бүрдэнэ гэж албаныхан тайлбарлаж байна.
Уг асуудлаар “Албан журмын даатгалын холбоо”-ны Гүйцэтгэх захирал М.Өлзийбатаас тодруулахад,
“Хариуцлагагүй жолоочийг даатгалын суурь хураамжтай нь уялдуулж хариуцлага тооцохоор зохицуулалт хийсэн. Зөрчил гаргаагүй иргэдийн даатгалын хураамжид өөрчлөлт гарахгүй” гэлээ.
Хэдийгээр албаныхан даатгалын хураамж нэмэгдүүлэх шалтгаан бүхий зөрчил гаргасан тохолдолд хураамжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч өнөөдрийн байдлаар даатгалын компаниуд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын суурь хураамж өмнөх хэвээрээ байгааг хэлсэн юм.
Тухайлбал, Тэнгэр даатгал, Монгол даатгал компаниудаас тодруулахад Албан журмын даатгалын өнөөгийн суурь хураамж:
- А ангилал: 12500 төгрөг
- В ангилал: 33000 төгрөг
- С ангилал: 42500 төгрөг
- D ангилал: 53000 төгрөг
- E ангилал: 12500 төгрөг буюу хуучин мөрдөгдөж байсан дүнгээрээ байгаа гэлээ.
С.Баасансүрэн