УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, П.Дүрэвдаваа нарын гишүүд Хуурамч шатахууны эсрэг хууль өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Онцгой албан татвар буюу татвараас зугтдаг бизнес Монголд бий. Энэ нь хуурамч шатахуун. Хуурамч шатахуун хийдэг бүлэг хүмүүс Монголд бий. Тодруулан хэлбэл, зориулалтын бусаар керосин, нафта зэрэг олон хольц бүтээгдэхүүнийг Монгол Улсад онцгой татваргүй оруулж ирж, технологийн бусаар шатахуунд хольдог. Жишээ нь нэг үйлдвэрийг товч танилцуулбал, Эрдэнэт хотод байдаг “Петролиум продакшн” гэдэг компани хойноос 30 ширхэг вагон дизелийн түлш авч ирчхээд бүх вагоноос 25 хувийг доороос нь соруулж авчихдаг. Тэгээд дээрээс нь 25 хувийн керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нэмдэг. Мөн дээрээс нь 30 литр бэхжүүлэгч бодис нэмээд, вагоныхоо тагийг хаачихдаг. Вагон нь Дорноговь руу явдаг. Тэгээд зөрлөг дээр очсон вагон нь хөдлөхөөр шатахуун нь холигддог. Тэрийгээ зардаг. Энэ технологийн бус шатахууныг нь монголчууд хэрэглэж, машин тэргээ эвддэг.
Хуурамч шатахууны эсрэг хуулийг би 2017 онд өргөн бариад хоёр жилийн турш зүтгүүлж байж, олон нийтэд танилцуулсны үр дүнд 2019 онд батлуулсан. Энэ хугацаанд манай ард түмэн цэвэр шатахуун хэрэглэж байсан. Гэтэл 2023 оны долоодугаар сард Үндсэн хуулийн цэц миний гаргасан энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн увайгүй дүгнэлт гаргасан. Тэр Үндсэн хуулийн цэцийн гишүүд авлигал авсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж би харддаг. 126 гишүүн энэ хуулийг дахин хэлэлцэж, батлуулж өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ хуулийг батлуулснаар агаарын бохирдол 30 хувиар буурна” гэлээ.