Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /12-р сарын 18-ны өдөр/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ утааг бууруулах доорх 6 шийдлийг танилцууллаа.
Сайжруулсан шахмал түлшийг солих
Бид сайжруулсан шахмал түлшийг 5 дах жилдээ хэрэглэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түлшний найрлагад олон нийт эргэлзэж эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшийг шинжилж цаашид хаанаас ямар нүүрс авах талаар зоримог шийдвэр гаргана гэдгээ хотын дарга мэдэгдсэн. Нийслэлээс судалгаа хийж байгаа ба дуусмагц нь сайжруулсан шахмал түлшний найрлагыг өөрчлөхөөр шийджээ.
Газын хэрэглээнд шилжиж 20 мянган айлын “Яндангүй бүс” байгуулах
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхний ээлжид 20 мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлэх бөгөөд гэрээг цагаан сараас өмнө байгуулна гэлээ. Ингэхдээ Бага тойруу орчмын Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэрэг төвийн бүсийн 20 мянган өрхийн халаалтыг LNG буюу газаар шийдэхээр болжээ. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны 11 дүгээр сар гэхэд 20 мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлнэ. Мөн газын үйлдвэр байгуулж дундын станц байгуулаад дахин 80 мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ. Европын улсууд болон Америкт хэрэглэгчийн газын үнэ,төлбөр тулгамдсан асуудал байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж анхнаасаа тооцоолол сайтайгаар ажлаа эхлүүлнэ гэдгийг онцлов.
Нүүрсэн яндангүй машиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд үүсгэж байна гэсэн дүнг Жайка олон улсын байгууллагаас танилцуулж байжээ. Тээврийн хэрэгслээс ялгарч буй азотын давхар исэл нь агаарыг бохирдуулж байгаа гол химийн найрлага. Сүүлийн үед Hybrid хөдөлгүүртэй приус машинууд нь зориулалтын нүүрсэн янданг сольсон байдаг нь азотын ислийг ихээр ялгаруулж, агаар бохирдуулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тээврийн цагдаагийн албанаас нүүрсэн яндангүй машиныг эхний ээлжид сануулж, дараагийн удаа журамлана. Харин зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд буцаан оролцуулах ажээ.
84 мянган айлын зуух, янданг солих
Зуухаа шинэчлэх санхүүгийн чадамжгүй, угаартах өндөр эрсдэлтэй 84 мянган өрх байна.Тендерийн нөхцөл дээр тусгасан давхар шаталттай зуухыг сонгон шалгаруулна. Ингэснээр тэр олон өрхийг угаартах эрсдэлээс сэргийлэхээс гадна утаа ихээр ялгаруулахыг нь болиулж чадна гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдээд байгаа билээ.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог ахин байгуулах
2024 оны Арван хоёрдугаар сарын 18-ны засгийн газрын хуралдаанаар 2023 онд татан буугдсан уг хороог сэргээн байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, Х.Нямбаатар нарийн бичгийн даргаар нь ажиллахаар болсон. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь урт болон богино хугацааны төлөвлөгөөг гаргаж, тайланг боловсруулах юм.
5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулан, ашиглалтад оруулах
Х.Нямбаатар: “Нийслэл одоогоор зургаан ширхэг эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зарим станцын техник эдийн засгийн үндэслэл батлагдсан. Заримынх нь боловсруулагдаж байгаа. Сүүлийн 25 жил ярьсан 5 дугаар цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо ААН, байгууллагууд илэрхийлээд байна. Энэ мэтчилэн бид зөвхөн нүүрсээ сайжруулж, газ руу шилжинэ гэхээс илүү эрчим хүчний, эдийн засгийн өсөлтөө хангасан хөрөнгө оруулалтын хэд хэдэн төслийг сая гадаад руу хийсэн хэдэн томилолтынхоо хүрээнд яриад ирлээ.”