
Ой, модны салбарынхан өнөөдөр өнгөрсөн нэгэн зууны түүхээ хуваалцаж, ирэх шинэ зуундаа хийж бүтээх их зорилгынхоо талаар хамтдаа чуулж, салбарынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Анх 1924 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Засгийн газрын 29 дүгээр хурлын шийдвэрээр Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэй байгуулсны нэг нь Ой, модны хэлтэс байв.
1924 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Аж ахуйн явдлын яамны сайдын тавдугаар тушаалаар Ой модны хэлтсийн харьяанд анхны дөрвөн ойн ангийг байгуулснаар ой, модны салбарын түүх эхэлсэн түүхтэй ажээ.
Ой, модны салбарынхны хувьд ой тайга, хөндий, хээр тал, говьд байгалийн элдэв үзэгдэл, улирал, гараг, өдөр шөнө ялгахгүйгээр ажилладаг онцлогтой.
Монгол улсын ойн санг мянга мянган ойчид хамгаалж, арчилж, ашиглалтад оруулан хойч үедээ ногоон ирээдүйг үлдээхийн тулд хөдөлмөрлөсөөр ирсэн.
Монгол улсын ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж улмаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар байгуулагдаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлэх ажлыг манлайлан өрнүүлж эхэлсэн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш шууд болон дүйцүүлэх хэлбэрээр нийтдээ 83,9 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгээд байна. Бэлтгэл үе шатанд 120 сая мод тарихаар төлөвлөгдсөн бөгөөд гүйцэтгэл нь 42.4%-тай байна.
Хамтран ажиллах гэрээ байгуулсан Улаанбаатар хот, аймгууд 38.4 сая мод модыг тарьж, гүйцэтгэл 5.71%-тай байна. Эдгээрээс Сэлэнгэ аймаг өнгөрсөн хугацаанд 16.7 сая мод тарьж амлалтынхаа 84%-ийг бэлтгэл үе шатандаа биелүүлээд байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Тэрбум мод” тарих бэлтгэл ажил улс орон даяар амжилттай өрнөсөн. Ирэх 2025 оноос томоохон талбайг хамарсан тарилтууд явагдаж эхэлнэ.
“Ойн тухай” болон “Зөвшөөрлийн тухай” хуулийн дагуу 7 чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрх олгодог.
Одоогийн байдлаар 650 гаруй аж ахуйн нэгж 868 мэргэжлийн байгууллагын эрх авах ажил үйлчилгээ үзүүлж байна.
Ирэх зуун жилээ угтаж НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, зардлын нормативыг шинэчлэн батлах, ойн үрийн аж ахуйг шинэчлэх, ойн салбарын бүтцийг босоо удирдлагын хэлбэрт шилжүүлэх, “Ойн тухай” хууль, эрхзүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, цахимжуулах, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд түрүүчээсээ хийгдэж эхэлсэн байна.
Улсын хэмжээнд ойн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагаас бакалаврт 178, магистрантурт 96, докторантурт 15 суралцагч суралцаж байна. Улсын хэмжээнд 2024 онд шинээр 52 суралцагч элсэн орсон.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17, нийт 559 оюутан суралцаж байна.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд энэ хичээлийн жилд шинээр ойжуулагч мэргэжлээр 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлийн мэргэжлээр 45 оюутан элсэн ороод байна.
Европын Холбооноос олон Улсын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д Ази тивээс Монгол улс нэгдэн орж 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ойн түншлэлийн хэрэгжүүлэх арга хэмжээний “Замын зураг”-ийг талууд эцэслэн баталсан. Улмаар Талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэв.
Ой, модны салбарын 100 жилийн ойн хүрээнд Ой, модны салбарын үндэсний II чуулганыг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү чуулганд 21 аймгийн 46 сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, ойн мэргэжлийн байгууллагууд, холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 850 гаруй хүн оролцсон. Чуулганы үеэр Төрийн ордонд ойн салбарын хамтын ажиллагаа, үндэслэл, тулгамдсан асуудлын шийдэлд гүйцэтгэж буй хувь нэмэр, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гарц шийдлүүдийг цогцлоосон үзэсгэлэн зохион байгуулсан.
– Ой, модны салбарын ажилтан албан хаагчдын дундах спортын арга хэмжээг 5 сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Арга хэмжээг спортын 5 төрлөөр зохион байгуулан 250 гаруй тамирчид оролцлоо.
– Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад суралцаж буй бакалаврын болон магистрын түвшний оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд 100 жилийн ойтой давхцаж буйгаар онцлог байсан бөгөөд IX хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС-ийн 38 илтгэл хэлэлцэгдсэн.
– Ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Төв Азийн экосистем дэх ой, бэлчээрийн тогтвортой менежментийн шинэлэг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ШУА-ийн хүрээлэнгүүд, их дээд сургууль хамтран 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Монгол, АНУ, Япон, БНСУ, БНЧУ, БНИУ, ОХУ, БНПУ, БНХАУ зэрэг 10 орчим улсын 200 гаруй эрдэмтэн судлаачид хамтран оролцож аман болон ханын 60 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн.
Өнөөдөр манай ойн салбар дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахаар зорьж, сүүлийн үеийн техник технологийг аль хэдийнээ нэвтрүүлж эхэлсэн. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд 2024 оноос өндөр хүчин чадалт дроныг нэвтрүүлж байна.
Мөн ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд Earthranger программыг нэвтрүүлснээр орон нутгийн мэргэжилтнүүд яг тухайн байршил, тэр мөчдөө шууд мэдээллийг дамжуулах боломжтой болсон.
Мөн VR, AI технологийг ч ашиглаж эхэллээ.
Ойн газраас Инновацын шинэ бүтээлүүд, оюутан залуусын шинэлэг санал санаачилгыг дэмжин ажиллаж, хүний нөөцийн дутагдалд ороод байгаа ой, модны салбартаа залуусыг татан оруулахад ихээхэн анхаарч байна.
Ойчид бол ирээдүй хойч үедээ амьд өв үлдээгчид. Монгол улсын ногоон ирээдүйтэй холбоотой хүн бүр бидний хувьд маш их үнэ цэнтэй юм шүү.