Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. ЕТГ-аас уг хоригийг УИХ-ын тамгын газар хүргүүлсэн бөгөөд 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар дэмжих, эс дэмжих нь шийдэгдэнэ. Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эерэгээр хүлээн авсан бөгөөд 2025 оны төсвөөс 2,2 их наяд төгрөгийн таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн.
2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригт хоёр гол зүйл бий.
Засгийн газарт, Төсөв алдагдалгүй байх. Энэ нь Монголчууд олсныхоо хэрээр зарлага гаргадаг байх ёстой. Нүүрсний үнэ нь өснө гэж тааварлаад өндөр орлоготой байхаар төсөөлдөг байдлаас салж, гадаад заx зээлийн төлөв байдал, олон улсын гео-политикийн нөxцөл байдал, түүнийг урьдчилан тааварлаxын аргагүй нөxцөл зэргийг тооцон алдагдалгүй, xэмнэлтийн горимд шилжсэн, үр ашигтай төсөв батлах ёстой гэдгийг Засгийн газарт ойлгуулсан.
Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах тухайд Сангийн сайд хэлэхдээ,
“Засгийн газар тооцооллоо эргэн харна. 2025 оны улсын төсөв хуулийн тусгай шаардлагынхаа хүрээнд 2 хувийн алдагдалтай байгаа. Дөрвөн жилийн өмнө буюу ковидын үед бид 8.4 их наядын алдагдалтай төсөв баталж байсан. Түүнчлэн Сайд нарын багцаас аль нэг үйл ажиллагааг сугалж танах нь оновчтой биш. Тэгэхээр жигд үйл ажиллагааны урсгал зардлууд дээрээ тодорхой хувь хэмжээгээр танах нь зүйтэй. Засгийн газраас төсөв дээр дахин ажиллаж, тодорхой тоонуудаа гаргаж танилцуулна” гэлээ.
Мөн Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн санал гаргаж байсан,
- Гадаад албан томилолтын зардал 111.7 тэрбум төгрөг
- Тавилга, эд хогшил, урсгал зардал 267.9 тэрбум төгрөг
- Соёлын эрхийн бичиг 18.3 тэрбум төгрөг
- Мэдээллийн технологийн үйлчилгээ 69.3 тэрбум төгрөг
- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг
- Бараа үйлчилгээний бусад зардал 964.2 тэрбум төгрөг зэрэг зардлуудыг хасах боломжтойд тооцож буйгаа хэллээ.
Тэгэхээр 2.2 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын танах замаар алдагдалгүй төсөв батална. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс талыг нь хасна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасахаар тооцоолжээ. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасаж байгаа учраас олон талд хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд анхаарч ажиллана гэдгийг Сангийн сайд хэллээ.
Улсын Их Хуралд, Хэрэгжиж эхлээгүй байхад ирэх оны төсөвтөө тодотгол оруулна гэж хууль зөрчсөн тогтоол баталсан алдаагаа залруулж, ирэx 2025 оны улсын төсвийг эргэж xарж xэлэлцэx шаардлагатай гэдгийг сануулсан.
Шинэхэн парламентын баталж буй анхны төсөв урьд түүхэнд байгаагүй хуулийн хачирхалтай зохицуулалт, улс төрийн зөвшилцлийн хязгаарт батлагдсан ч Ерөнхийлөгчийн хоригийн өмнө бүхэлдээ унасан нь сайн зүйл боллоо гэж монголчуудын олонх үзэж байна.