2024 оны долоодугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 103 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Гэхдээ Ерөнхий сайдаар томилсон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах, тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэн Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэний мэдээлэл нь:
2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурал нь Ерөнхий сайдыг томилохдоо Үндсэн хуульд заасан Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэх, томилох шийдвэр гаргах ажиллагааны журмыг буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах; Ерөнхий сайдыг томилсон Улсын Их Хурлын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах, Үндсэн хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгуулах;
Энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дэх заалт, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолын “ҮНДЭСЛЭЛ” хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн мэдээлэл гаргасан байна.
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ажиллагаа нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд улмаар Улсын Их Хурлын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Үндсэн хуулийн 39.2-г зөрчиж нэр дэвшүүлсэн хүнийг томилсноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван долоо дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн энэхүү мэдээллийг буюу мэдээллийн шаардлагыг гаргаж байгаа болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ нь Ерөнхий сайдыг хэрхэн нэр дэвшүүлж, хэрхэн томилох журмыг заасан байдаг. Тус хэсэгт зааснаар хэрвээ аль нэг нам, эвсэл УИХ-д олонх суудал авсан бол тухайн нам, эвсэл Ерөнхий сайдад томилуулах хүнийг дангаараа нэр дэвшүүлэх зохицуулалттай. Нөгөөтээгүүр, мөн хэсэгт хэрвээ аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад томилуулах хүнийг нэр дэвшүүлэх зохицуулалттай байна.
МУҮХ-ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.”
Өөрөөр хэлбэл, энэ заалтад зааснаар аль нэг нам олонх болсон бол тус нам Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэхдээ бусад нам, эвсэлтэй зөвшилцөхийг зөвшөөрөөгүй буюу хориглож байна. Энд, нийтийн эрх зүйд нийтийн эрх зүйн субъектийн эрх хэмжээний хүрээ, хязгаарыг тодорхойлохдоо зөвшөөрөгдсөнөөс бусдыг хориглодог гэх зарчимтай.
Гэтэл, МУҮХ-ийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу УИХ нь 126 гишүүнтэй байхаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам (“МАН”) нийт 68 суудалтай болсноор УИХ-д олонх суудал авсан нам болсон хэдий ч МАН нь Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэхээсээ өмнө бусад нам, эвслүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлж, томилууллаа.
Тодруулбал, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нь хэвлэл, олон нийтэд хандан өгсөн мэдээлэлдээ МАН нь Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэхээсээ өмнө бусад нам, эвсэлтэй зөвшилцсөн тухай үйл баримтыг дурдсан. Олонх болсон МАН Ерөнхий сайдаар томилуулахаар Л.Оюун-Эрдэнийг 2024 оны 07 сарын 05-ны өдөр нэр дэвшүүлж, УИХ мөн өдөр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон бол үүнээс 2 өдрийн өмнө буюу 2024 оны 07 сарын 03-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нь МАН засгийн газар байгуулах талаар бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулан зөвшилцөж байгаа талаар дурдсан.
Тэрээр, “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өнөөдөр томилогдсон Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийхэд бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх, шинэ Засгийн газрыг байгуулах, шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар УИХ-д суудал авсан нам, эвслүүдтэй санал солилцоно. …”
Энэ нь МУҮХ-д заасан Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэх, цаашлаад томилуулах зарчмыг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна. Цаашилбал, мэдээлэл гаргагч иргэний миний хувьд МУҮХ-ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “олонх болсон нам бусад зөвшилцөлгүй дангаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх” агуулга бүхий заалтыг тухайн олонх болсон намын гишүүд төдийгүй УИХ-аас тус Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буй хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулахаар “итгэл хүлээлгэх” шалгуурыг агуулж байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлцэл, ийнхүү Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэхтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийвэл тус олонх болсон намын гишүүд нь түүнд итгэл үзүүлэхгүй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас тус нам олонх болсон хэдий ч түүнийг нэр дэвшүүлэхдээ МУҮХ-ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн үзжээ.
Иймд, хууль дээдлэх зарчим, Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй энэхүү томилгоо, холбогдох шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс хянан шийдвэрлэж, магадлан тогтоох шаардлагатай байна гэж Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ дурьджээ.