Монгол Улсын Засгийн газраас ирэх 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ долоо хоногт УИХ-аар төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ.
Ирэх жилийн төсвийг өмнөх оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуультай. Уг хуулийн хугацаа дуусахад 10 хоног үлдсэн ч 2025 оны төсвийн тухай хуулийн зарим зүйл заалт олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байна.
Угтаа 126 гишүүнтэй шинэ парламент анхны төсвөө батлах гэж буй ч олон намын төлөөлөл сонгогдсоны гавьяа гарч төсвийн хуулийг дагалдуулан олон хуульд өөрчлөлт оруулж, цоорхой гаргадаг хуучны арга барил үеэ өнгөрөөснийг харууллаа.
Хөгжлийн томоохон төслүүд буюу Мега 14 төслийг хөдөлгөж, хөгжлийн бүтээн байгуулалтын суурийг бий болгоно гэж гурван намын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын тэргүүн танилцуулж, томоохон хэлэлцүүлэг, форумыг хэдэнтэй хийсэн. Сангийн сайдын хувьд 2025 онд нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинэ төслүүдэп хөрөнгө оруулахгүй, дуусаагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэж тайлбарласан.
Гэвч төсөөллөөс давсан их тэлэлттэй 2025 оны төсвийн орлогыг түүхэндээ байгаагүй өндөр дүнтэй буюу 36,7 их наяд төгрөг байна гэж тооцсон.
Уг төсвийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засагчид, мэргэжлийн судлаачид ХЭТ ИХ ТЭЛЭЛТТЭЙ гэж дүгнэж, учир шалтгааныг тайлбарласаар байгаа. 2025 оны төсвийн хууль батлагдан хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарах тооцооллыг ч танилцуулж байна.
Үүнд:
- Эдийн засгийн өсөлт 5.6 – 7 эсвэл 8% нэмэгдэнэ.
- Өрхийн бодит орлого дунджаар 15% өснө.
- Экспортын төсөөлөл 19 тэрбум ам.доллар.
- 35,000 ажлын байр нэмэгдэнэ.
- Гадаад валютын улсын нөөц 5.7 тэрбум ам.доллар.
- Инфляц зорилтот түвшинд хадгалагдана гэж үзжээ.
Гэвч Мега төслүүдийг чухалчилсан “мега” төсвийн цаана юу байна вэ?
Засгийн газрын зардал огцом нэмэгдсэн, сайд нарын багцад танаж болохуйц зардал, хөрөнгө оруулалт олон байгаа нь тодорхой болсоор…
- албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин,
- тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин,
- хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах,
- мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин,
- бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин,
- бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
Төсвийн энэ их хэт тэлэлтийн ачааллыг бизнес эрхлэгчид дааж чадахгүй гэдгээ өнөөдөр илэрхийллээ.
МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах амлалтаасаа ухарч, эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр төсөв батлуулах гэж байна. Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно. 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлөөс мэдэгдсэн.
Харин Төрийн ордонд УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ. Жил бүрийн төсвийн тухай хуулийг УИХ-аас батлахдаа дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийх хуулийн зохицуулалттай юм.